2020 оны ээлжит сонгуулиар Дархан-Уул аймгаас УИХ-д сонгогдсон залуу гишүүн Г.Дамдинням тангараг өргөсөн өдрөөс хойших нэг жилийн ажлаа цахим тайлан хэлбэрээр хүргэжээ.
Уг тайланд тойргийнхоо тулгамдсан зарим асуудлыг төрийн бодлогын түвшинд шийдвэрлүүлснээс гадна Дарханы замын мэдээллийг ил тод, тогтмол хүргэн олон нийтийн анхааралд хандуулснаар хяналттай болгож чадсанаа онцолжээ. Түүнчлэн УИХ-ын Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын байнгын хорооны даргаар сонгогдсоноор соёл урлагийн салбарт онцгойлон анхаарч, сүүлийн 26 жил өөрчлөлт ороогүй байсан Соёлын тухай хууль, Киноны тухай хуулийг УИХ-аар хэлэлцүүлж, батлуулжээ.
УИХ-ын гишүүний үндсэн үүрэг бол хууль санаачлан боловсруулах явдал байдаг. Тайлант хугацаанд тэрээр нийт 7 хууль, тогтоолын төсөл санаачлан боловсруулж, 5 байнгын, түр, дэд хороо болон 12 ажлын хэсэг, 15 парламентын бүлэгт харьяалагдан ажилласан байна.
УИХ-ын гишүүн, БСШУС-ын байнгын хорооны дарга Г.Дамдиннямын бүтэн жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлыг ЦАХИМ ТАЙЛАН-аас нээлттэй үзэж танилцан, санал бодлоо илэрхийлэх боломжтой аж.