Дэлхийн боксын холбоо (World Boxing) саяхан гаргасан мэдэгдэлдээ бүх тамирчдыг хүйсийн шинжилгээнд заавал хамруулах шаардлагатай хэмээн зарласан. Гэвч энэ мэдэгдэлд Парисын Олимпын алтан медальт, Алжирын нэрт боксчин Иман Хелифийн нэрийг онцлон дурдсан нь олон нийтийн анхаарлыг татаж, шүүмжлэл дагуулсан юм.
Уг мэдэгдэлд тус холбоо И.Хелифийг шинжилгээ өгөх хүртэл эмэгтэйчүүдийн ангилалд оролцуулахгүй гэсэн захидлыг Алжирын боксын холбоонд илгээснийг онцолсон байжээ.
Тус явдалтай холбогдуулан Дэлхийн боксын холбооны ерөнхийлөгч Борис ван дер Ворст Алжирын боксын холбооны ерөнхийлөгч Абделькадер Аббас руу захидал илгээж, Иман Хелифийн нэрийг дурдсандаа хүлцэл өчиж, хувийн нууцыг нь хамгаалах ёстой байсныг хүлээн зөвшөөрсөн байна.
“Дэлхийн боксын холбоо нь И.Хелифийн хувийн мэдээллийн нууцлалыг хадгалах тал дээр илүү няхуур, болгоомжтой хандах ёстой байсан” хэмээн Б.Ворст мэдэгджээ.
Өнгөрсөн долоо хоногт холбооноос гаргасан журмын дагуу, 18-аас дээш насны бүх тамирчин хамар, амны арчдас, шүлс эсвэл цуснаас авсан дээж дээр суурилсан PCR шинжилгээнд заавал хамрагдах ёстой болсон.
Иман Хелиф болон Алжирын боксын холбооноос энэхүү асуудлаар албан ёсны тайлбар хараахан өгөөгүй байгаа бөгөөд тус холбоо нь өнгөрсөн 2023 оны есдүгээр сард Дэлхийн боксын холбоонд нэгдэж, шинэ гишүүн холбоодын нэг болсон юм.