Хуралдааны эхэнд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хууль санаачлагчдаас өргөн мэдүүлсэн төслүүдийг холбогдох Байнгын хороодод хэрхэн хуваарилсныг танилцуулсан юм. Үүнд:
Хууль зүйн байнгын хороо:
Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг иргэний журмаар нэхэмжлэх тухай хуулийн төсөл
Төлбөрийн чадваргүйдлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тогтолцоо, эрх зүйн байдалтай холбоотой хуулиуд
Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл (Х.Тэмүүжин болон 20 гишүүн)
Эдийн засгийн байнгын хороо:
Арилжааны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулиуд
Мөн тэрбээр Байнгын хороодод 14 төсөл хэлэлцэх эсэх шатанд, 11 төсөл анхны хэлэлцүүлгийн шатанд байгаа ч хэлэлцүүлгийн явц удаашралтай байгааг онцолж, Байнгын хорооны дарга нарт хэлэлцүүлгийг эрчимжүүлэх чиглэл өглөө.
Өнөөдрийн хуралдаан “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг үргэлжлүүлэн хэлэлцэж, санал хураалтад оролцсон гишүүдийн 77.8% нь дэмжиж баталлаа.
Дараа нь дараах хуулийн болон тогтоолын төслүүдийн эцсийн найруулгыг сонсож, ёсчлон баталсан байна. Үүнд:
Монгол Улсын 2026 оны нэгдсэн төсвийн хүрээний мэдэгдэл
2027–2028 оны төсвийн төсөөлөл
Засгийн газрын өрийн удирдлагын 2026–2028 оны стратегийн баримт бичиг
Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль
“Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын эцсийн найруулга
Эдгээр баримт бичиг нь Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн дагуу батлагджээ.
УИХ-ын хаврын чуулган идэвхтэй өрнөж, улс орны эдийн засаг, хууль зүйн орчныг шинэчлэх, сахилга хариуцлагыг нэмэгдүүлэх зорилтот төслүүдийг хэлэлцэж эхлээд байна. Байнгын хороодын үйл ажиллагаа эрчимжсэнээр олон нийтийн хүлээлтэд нийцсэн шийдвэрүүд гарах хүлээлттэй байна.