Ашиг сонирхол, эрх мэдэл хэдий чинээ нэгдэнэ хаалга төдий чинээ хаалттай болно гэсэн бичигдээгүй хууль бий. Ашиг сонирхол, эрх мэдэл хэлхэлдэх бүрт олон нийтийн эрх ашиг гэх зүйл чухлын байр сууринаас ганхаж, огт ач холбогдолгүйн хайрцаг руу орох нь тодорхой. Энэхүү бичигдээгүй хуулийг бичиглэн дагаж байгаа жишээ бол Сууц өмчлөгчдийн холбооны Дээд зөвлөл хэмээх байгууллага. Угтаа энэ зөвлөлийг байгуулах хүсэл төрд нь ч, ард иргэдэд нь ч байсангүй. Оршин суугаа байр, орц, хонгилоо тохижуулж, оршин суугчдынхаа эрх ашгийг нэгтгэх байгууллага нь СӨХ. Улам бүр эгнээгээ тэлж байсан СӨХ гэх асар том мөнгөний урсгалыг хэн нэгэн нь олж харан “Дээд зөвлөл” гэгч сүржин нэртэй даржин газар 1999 онд энэ хорвоод мэндэлжээ. Угтаа энэ цаг үеэс эхлэн хэний ч хяналт, сэрдэлтийг үл тоох асар их мөнгөний урсгал урсаж эхэлсэн хэрэг.
1999 оноос өмнөх үе рүү буцаж очьё. Коммунизм ганхаж эхэлснээс хойш “ах” нарын барьж өгсөн бэлгийн орон сууцууд эзгүйдэх хувь заяатай тулгарав. 1990 оноос хойш барьж өгсөн барилгыг бид хариуцах хувь заяатайгаа эвлэрэхээс өөр аргагүй болсон нь гашуун үнэн. Тиймээс оршин суугчид нь өөрсдөө нэгдэн нийлж орц, хонгил, хогийн бункер зэргээ өөрсдөө хариуцах болсон юм. Өмнө нь орон сууцны контор, хорооны дарга гэсэн албан тушаал байсан бол СӨХ гэх содон нэр томъёо бий болов. Өмчилж авсан сууцандаа эзэн суусан иргэд дундаасаа “дарга”-аа сонгож, байраа хариуцуулдаг цоо шинэ тогтолцоо. Хэрэв анхны зорилгоосоо няцаагүй бол бүх зүйл буруугаар эргэхгүй байлаа. Ингэж явсаар шинэ зууны босгон дээр ирэв. 1999 он гэхэд 300 гаруй СӨХ-үүд нийслэл хотод хэдийнэ бий болсон байжээ. Иргэд сайн дураараа амьдардаг байрныхаа “даргыг” томилон, түүнийг орон сууц нийтийн аж ахуйн компани нь хариуцаж, тухтай амьдралыг нь цогцлооно. Үндсэн зорилго нь ерөөсөө л энэ. Хэрвээ энэ зорилго руугаа эхнээсээ тэмүүлсэн бол байдал арай өөр байх байж.
1999 онд СӨХ-дын дээд зөвлөл гэгч байгууллага албан ёсоор байгуулагджээ. Бичиг баримтыг нь хараад үзвэл энэ байгууллага 10 жил хуулиар ямар ч үүрэг хүлээлгүй оршин тогтносон байдаг. Угтаа хэний ч хүсээгүй байхад гэнэт гарч ирчихээд СӨХ-доос мөнгө хурааж эхэлжээ. 2000-аад оны эхний жилүүдээс СӨХ гэгч бүтцийн болохгүй бүтэхгүй байгааг ярьж эхлэв. Угтаа үүнээс хойш ард иргэдийн гомдол, дургүйцлийг тээн хэний ч хамааралгүй, гэсэн атлаа эрх мэдэл бүхий энэ бүтцийг хэн ч хянаж чадахаа больжээ. Арга ч үгүй юм иргэдийн саналаар, дундаас нь гарч ирсэн энэ бүтцийг төрөөс хянана ч гэж байхгүй. Хэрвээ оролцоод эхэлбэл асуудал бас л өөр тийшээ эргэх магадлалтай/СӨХ гэгчийг нэг хэсэг дэд бүтцийн сайдаар ажиллаж байсан Б.Жигжид үүсгэн байгуулж ганцаараа 13 жил толгойлсон түүхтэй/.
Ийнхүү 10 гаруй жил хуулийн этгээдийн чадамжгүй байсан СӨХ-дийн Дээд зөвлөл 2009 оноос төрийн бус байгууллагын статустайгаар үйл ажиллагаагаа явуулах болж. Гэхдээ ажлынх нь бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдсөнгүй. Сар бүр СӨХ-доос 10 гаруй хувийн татвар авч, орон сууцыг засах ажил хийдэг гэх ч үнэн төрх нь ямар байгааг та бүхэн бэлхнээ харж байгаа.
Өдгөө нийслэл хотод 600 гаруй СӨХ оршин тогтнож байгаа. Дээд зөвлөл гэгч байгууллагад энэ бүх СӨХ-ны орлогын 10 хувь нь цутгадаг. Бодоод үзье. 75 айлтай нэг орон сууцнаас тус бүрээс 15 мянган төгрөг хураадаг гэж тооцвол нэг орон сууцнаас нэг сая 125 мянган төгрөг төвлөрнө. Хэрвээ яг үүгээр тооцвол СӨХ-дын дээд зөвлөлд сардаа 75 сая төгрөг хуримтлагддаг болж таарч байна. Үүнийг хэрхэн зарцуулдаг вэ? Энэ бол хамгийн том асуулт
2010 онд СӨХДЗ-ийн хийсэн шалгалтаар 72 СӨХ-д 117 сая төгрөгийн зөрчил илэрчээ. Тухайн үедээ 80 дээвэр, 32 цахилгаан шатыг солино гэж байжээ. Мөн шаардлага биелүүлээгүй СӨХ-дын үйл ажиллагааг нь зогсооно гэж мэдэгдэж байсан юм.
Төрийн бус байгууллагын тухай хуулийн 4.2-т зааснаар “Нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага нь соёл, урлаг, боловсрол, хүмүүжил, шинжлэх ухаан, эрүүл мэнд, хүний эрх, хүн амын тодорхой бүлэг давхрагын эрх ашгийг хамгаалах энэрэхүйн чиглэлээр нийгмийн тусын тулд үйл ажиллагаа явуулна гэж заажээ. Мөн хуулийн 4.3-т гишүүдэд үйлчидэг төрийн бус байгууллага нь гишүүддээ үйлчилдэг, тэдний хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үндсэн зорилготой, нийгэмд үйлчилдгээс бусад төрийн байгууллага гэж заасан байдаг.
“Гишүүнчлэлтэй төрийн бус байгууллага гишүүдийнхээ хандиваар санхүүжиж болно гэж хуульдаа заасан. Манай улсад 600 гаруй СӨХ үйл ажиллагаа явуулж байна. Тэд өөрсдөө журмаа баталсан. Энэ байгууллагыг юу хийдгийг мэдэхгүй хүмүүс ирээд үзээрэй. Бүх байр орон сууцны дээвэр, лифтийг засдаг. Бүх төсвийг нь гаргаж өгдөг. 119 сая төгрөгийн зарлагатай, 119,5 сая төгрөгийн орлого төвлөрүүлж, үүний 50 хувийг нь Дээд зөвлөл аж ахуйн аргаар олж авдаг. Дээд зөвлөлд ажиллаж буй 10 гаруй хүн цаг наргүй хаана гомдол гарна тийшээ явж байгаа” гэж СӨХ-ны Дэд зөвлөлийн тэргүүн Б.Жигжид өнгөрөгч оны арванхоёрдугаар сард ярьж байжээ.
Дээрээ эзэнтэй юм шиг харагдах ч дэргэд чинь СӨХ эзгүй мэт л байна. Орц нь хонгил шиг харанхуйлж, хогийн бункерээс нь эвгүй үнэр ханхалж, элдэв архичид цугларч орцыг балиартуулж орхино. Шаваас, дээвэр нь салж цас, бороо, салхинд жихүүцэх. Улаанбаатар хотын байрнуудын нийтлэг өнгө төрх нь ердөө л энэ. СӨХ гэх суугчдаас сонгогдсон төлөөлөл ажиллаж байгаа шүү дээ, уг нь. Оршин суугчид нь хүчрэхээ болиод Дээд зөвлөлдөө ч хандаж үзжээ. Дээд зөвлөлд тэдэнд ямар хариу өгсөн бэ? Уншигч та таах гээд оролд.
“Манай байрны орц хэцүү шүү дээ. Эвгүй үнэр үнэртэнэ. Хогоо цагт нь аваагүйгээс болж энд тэнд ууттай хогнууд хөглөрнө. Бас дээвэр эвдэрсэн сураг дуулдана лээ. Ус алдах бол энүүхэнд. Би уг нь сард 20 мянган төгрөг СӨХ-нд өгдөг. Гэтэл юу хийгээд байгааг нь би мэддэггүй. Аргаа бараад Дээд зөвлөл гэгчид нь хүсэлт гаргасан. Харин тэр байгууллага надад “Та нар өөрсдөө СӨХ-оо сонгочихоод ажлаа хийлгэ. Бид бүгдийг нь хариуцаад явж чадахгүй” гэсэн л хариулт өгсөндөө” гэж Хан-Уул дүүргийн 16 дугаар байрны оршин суугч С.Дулам ярьжээ.
ШӨХТГ-аас СӨХ-дын дээд зөвлөлийг татан буулгана гэх мэдээлэл гарсаар хэдэн хоногийн нүүрийг үзэж байна. Уг нь чихэнд чимэгтэй л мэдээлэл. Гэхдээ удирдлагууд нь зөвшөөрөх үү гэдэг хамгийн том асуулт. Хэрвээ Дээд зөвлөлгүй болчихвол СӨХ-үүд хэрхэх вэ, хэн хариуцах вэ? гэдэг нь ч эргэлзээтэй болж хувирна. Угтаа удирдлага, санхүүжилтийг нь ил тод болгоод СӨХ-ийн тухай хуультай болчихвол үр дүн нь сайн талаараа өөрчлөгдөж болно. Үүнийг гадны жишээнүүд бэлхнээ харуулдаг. Яг ийм зохицуулалтыг Өмнөд Солонгос хийсэн гэх мэт бэлээхэн туршлагууд уг нь бий.
Ямар ч байсан хайрцагласан эрх мэдэл цухас ч атугай хайрцагнаасаа гарч эмхлэн цэгцлэх сайхан дүр зураг ажиглагдаж эхэлсэн. Гэхдээ…