Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 30 дугаар бага хурал (COP30) 2025 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсын Белем хотноо нээлтээ хийлээ.
Дээд түвшний энэхүү уулзалтад НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш, зохион байгуулагч Бразил Улсын Ерөнхийлөгч Луис Инасио Лула да Силва тэргүүтэй 143 улсын төр, засгийн төлөөлөл оролцож байна.
Монгол Улсыг Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг тэргүүтэй төлөөлөгчид төлөөлөн оролцож байгаа юм.
Амазон мөрний сав газарт орших Белем хотод болж буй COP30 бага хурлын үеэр дэлхийн удирдагчид уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтын тэмцлийг эрчимжүүлэх, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах чиглэлээр улс орнуудын өмнө хүлээсэн үүрэг амлалтыг бататгах, үндэсний тодорхойлсон хувь нэмэр (NDC)-ээ сайжруулах, мөн хөгжиж буй орнуудыг дэмжих санхүүжилтийн тогтолцоог бэхжүүлэх асуудлыг хэлэлцэж байна.
Энэхүү чуулган нь дэлхийн уур амьсгалын бодлогыг уялдуулах, илүү шударга, хүртээмжтэй шилжилтэд чиглэсэн олон улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх зорилготой юм гэж Гадаад харилцааны яам мэдээллээ.