Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин болон холбогдох албаныхан Баянгол дүүргийн 16 дугаар хороонд ажиллаж, хийн халаалтын системд холбогдох өрхүүдийн бэлтгэл ажлын явцыг шалгалаа.
Энэ онд Гандан, Зурагт, Баянхошуу орчмын 5000 айлын гэр, байшинг дулаалж, эдгээр өрхийг энэ сарын 15-наас төвийн хийн хангамжид холбож эхлэхээр бэлтгэл хангаж байна.
Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин хэлэхдээ:
“Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, айл өрхийн халаалтын аюулгүй байдлыг сайжруулах зорилтын хүрээнд дулаалгын аянд хамрагдсан өрхүүдийг хийн халаалтын системд үе шаттайгаар холбож байна.
Дулаалгын ажлыг мэргэжлийн байгууллага гүйцэтгэсэн бөгөөд айл өрхүүд өөрсдийн зардлаар цонх, хаалга, шалны ан цав, завсар болон өнгөлгөөний ажлыг хийсэн.
Хийн халаалтын систем нь өндөр настай болон биеийн хүчний ачаалал багатай иргэдэд зориулсан, олон улсын стандартад нийцсэн, энгийн удирдлагатай технологи юм.”
Хийн халаалтын төхөөрөмжийн ашиглалт, өдөр шөнийн горимын тохиргоо, аюулгүй ажиллагааны зааврыг НҮБ-ын Хүүхдийн сангийн сургалтын баг айл бүрт очиж заах бөгөөд эхний нэг сарын хугацаанд хэрэглээний дадлыг тогтворжуулах зорилгоор тогтмол хяналт, зөвлөгөө өгч ажиллах юм.
Мөн хүйтний улиралд хийний хэрэглээний зардлын 200,000 төгрөгийн татаасыг иргэдэд иргэний үнэмлэх болон “Hotula” аппликэйшнээр дамжуулан олгоно. Туршилтын үр дүнгээр 10 кг хийн баллон 50–80 м.кв талбайтай байшинд 5–7 хоног хангалттай хэрэглэгдэж байсан байна.
Хийн төхөөрөмж нь холболтын мэдрэгч, угаар болон хий алдагдлын дохиолол, автоматаар хаах хамгаалалтын системтэй бөгөөд аюул илэрсэн тохиолдолд хий дамжуулалтыг шууд зогсоож, мэдээллийг нэгдсэн хяналтын төвд дамжуулна. Иргэн дохиоллын дуудлагад хариу өгөхгүй бол хяналтын баг 5–7 минутын дотор тухайн өрх дээр очиж, шаардлагатай арга хэмжээг авна.
Ингэснээр Улаанбаатар хотын айл өрхийн халаалтын аюулгүй байдал сайжирч, агаарын бохирдлыг бууруулах зорилт бодитоор хэрэгжиж эхэлж байна.