НИТХ-ын ээлжит бус XVII хуралдаан 2024,02,23нд болж, агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй ажил, нийслэлийн 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах талаар хэлэлцлээ.
Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар мэдээлэхдээ, Улаанбаатар хотод ДЦС-ууд, 700 мянган автомашин, 196 мянга орчим гэр хорооллын айл өрх, 200 мянган тонн түүхий нүүрс түлж байгаа уурын зуухууд гэсэн утааны дөрвөн эх үүсвэр агаарын бохирдол үүсгэж байна. Хамгийн хортой нь автомашины утаа. Тиймээс бид автомашины дугаарыг цэгцлэх үүднээс иргэдийг шинэ машин худалдаж авч байгаа тохиолдолд хуучин машинаа актлуулж дугаар авах байдалд шилжинэ. Нэг ёсондоо, хотын иргэдийн хувьд импортын машиндаа улсын дугаар авах асуудал төвөгтэй болно гэв.
Хоёрт, уурын зуухууд төсвийн тодотголоор зээлийн хүүгийн татаасыг арилжааны банкуудад өгч, бүгд мидлинг түлж, нойтон утаа шүүгчийг худалдан авна. Ингэснээр агаарын бохирдол их хувиар буурна. Бид энэ байгууллагуудтай тохиролцоонд хүрсэн. Ирэх оноос уурын зуухууд түүхий нүүрс түлэхгүй. Мидлингийг задгай, нэг тонн савалгаатайгаар хүргэж өгнө. Засгийн газрын нөөц сан, сайдын багцаас төрийн байгууллагуудын уурын зуухуудыг шинэчлэх ажлыг төлөвлөж байна.
Бид жилд 10-20 мянгаар яндан буулгаж, гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг хийнэ. Ирэх долоо хоногт Уур амьсгалын өөрчлөлтийн сангийн санхүүжилттэй Баянхошуу дэд төвийн 600 орон сууцны барилгын гүйцэтгэгчийг шалгаруулах нээлттэй тендерийг зарлаж, энд 12 мянган орон сууцны бүтээн байгуулалтыг эхлүүлнэ. Ирэх долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар нийгмийн зайлшгүй хэрэгцээ шаардлагын үүднээс газар чөлөөлөлтийн журмыг эцэслэн батална. Ингэснээр Сэлбэ дэд төвийг байршилд байгаа 2000 айлын газар чөлөөлөлтийг хийнэ. Үнэлгээний компани айлуудтай хэлэлцээр хийж эхэлнэ. Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 158 га газар хамрагдана гэв.