“Бүсчилсэн хөгжлийн форум-2024”- ийг 2 үе шаттай зохион байгуулж байна.
Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан билээ.
Үндэсний аюулгүй байдал, улс орны хөгжил, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд чухал нөлөөтэй энэхүү бодлогын ойлголтыг нэгтгэх, санал дүгнэлтийг боловсруулахын тулд “Бүсчилсэн хөгжлийн форум-2024”- ийг 2 үе шаттай зохион байгуулж байна.
Хоёрдугаар шатны хэлэлцүүлэг 2-р сарын 1, 2-ны өдрүүдэд болно.
Өнөөдөр төвийн бүсийн урьдчилсан хэлэлцүүлэг дараах 4 сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж , санал дүгнэлтийг “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ыг шинэчлэн боловсруулах ажлын хэсэгт хүргүүлнэ.
Багц сэдэв:
- Бүсийн тэргүүлэх чиглэл, нөөц, кластер, худалдаа
- Бүсийн холболтын дэд бүтэц-тээвэр ложистик, боомт, эрчим хүч, харилцаа холбоо
- Бүсийн нийгмийн үйлчилгээ-ажиллах хүч, боловсрол, эрүүл мэнд
- Бүсийн татвар, санхүү, хөрөнгө оруулалт-эрх зүй
Төвийн бүсийн урьдчилсан хэлэлцүүлгээс…
-УИХ-ын гишүүн Ч.Ундрам: Бүс нутагт шаардлагатай боловсон хүчнийг тухайн бүс нутагт бэлдэх, судалгаа, дадлага ажлаа Сэлэнгэ, Дархан, Төв аймгийнхаа нутагт хийдэг байх хэрэгтэй. Тиймээс Засгийн газрын зүгээс Дархан хотод буй ШУТИС-д тухайн бүсэд шаардлагатай инженерүүдийг бэлтгэх шийдвэрийг гаргасан. Аймаг бүр хөдөө аж ахуйг хөгжүүлж, боловсон хүчнээ бэлтгэж хөгжих боломжтой.
-Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн Зөвлөх эмч Б.Эрдэнэтулга: Нийслэл рүү чиглэсэн эрүүл мэндийн шалтгаантай хөдөлгөөнийг багасгахын тулд орон нутагт олон улсын стандартад нийцсэн эрхтэн шилжүүлэн суулгах боломжтой нэгдсэн эмнэлэг байгуулах төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх шаардлагатай байна.
-МУИС-ийн Бизнесийн сургуулийн багш /ХҮН намын төлөөлөл/ Ш.Энхтуул: Манай улс нүүдлийн аж ахуйгаас хотожсон аж ахуй руу шилжиж буй улс орнуудын нэг. Иймд бид эдийн засгийн, улс төрийн, аж ахуйн эрх чөлөөг олгож, хүн төвтэй хөгжлийг дэмжиж, нүүдэлчин соёл иргэншлээ хадгалж хөгжих нь чухал байна.
-Удирдлагын академийн багш /Ph.D профессор/ Г.Жаргал: Бүсчилсэн хөгжлийн бодлогод зөвхөн эдийн засаг бус нийгэм, эдийн засгийн бодлого гэж оруулбал зөв болов уу. Шилжих хөдөлгөөний гол хүч нь эрүүл мэнд, боловсрол байдаг. Хөгжлийн хамгийн гол асуудал нь хүн амаа татах асуудал юм. Гадаадад биш Монголдоо боловсон хүчнээ байлгах нь чухал гэж бодож байна.
-Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж: Төвийн бүсийн сумдыг эрчим хүчээр бүрэн хангах боломжтой. Иймд Сэлэнгэ аймгийн Түшиг суманд цахилгаан станц барихаар төлөвлөж байна. Ер нь, цахилгаан, дулаанд ямар төлбөр төлдөг талаар иргэдэд зөв ойлголт өгөх шаардлагатай байдаг.
-Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар: Бүс нутгийн аймгууд дангаараа хөгжихөөс илүү хамтарч хөгжих нь чухал байна. Төвийн бүсийн аймгууд нийслэл, улсын хүнсний хэрэгцээг хангадаг гэдэг утгаараа нийгмийн хариуцлага хүлээдэг гэж хэлж болно. Нөөцийн хувьд хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэлийг дэмжин ажиллаж байна.
-Дархан-Уул аймгийн Засаг даргын орлогч Б.Жавхлан: Бүс нутгийн санхүүгийн бие даасан байдал чухал. Хөгжлийн баримт бичигт тусгагдсан ажлуудыг бодит болгон хэрэгжүүлж, үйлдвэрлэлийн хувьд бие даасан бүсчилсэн хэлбэрт оруулах хэрэгтэй. Бүс нутгийн аж үйлдвэрийн төв нь Дархан-Уул аймагт байх, үүнийг дагасан төвүүд бусад аймгуудад бий болох боломжтой.
Сангийн яамны Санхүү, төсвийн судалгааны газрын дарга Г.Золбоо: Хөрөнгө оруулалтын дийлэнх хувь боловсрол, төрийн захиргаа руу чиглэж байсан бол 2023 оноос Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд дэд бүтцийн төсөл хөтөлбөрүүд рүү чиглэж, одоогийн байдлаар 3 их наяд төгрөгийг улсын төсвөөс төлөвлөөд байна.