C.Сэтгүүлч
Ангилал
Хэзээ
1 долоо хоногн өмнө
Үсгийн хэмжээ
Эрдэнэбүрэнгийн УЦС-ын зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурж, 253 сая ам.долларын санхүүжилтийг баталгаажууллаа
1 долоо хоногн өмнө
C.Сэтгүүлч
Эрдэнэбүрэнгийн УЦС-ын зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурж, 253 сая ам.долларын санхүүжилтийг баталгаажууллаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д ажлын айлчлал хийсэн билээ. Айлчлалын үеэр эрчим хүчний салбарын эх үүсвэрийг нэмэгдүүлэн Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийн санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэх зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурж, баталгаажууллаа. 

“Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц” төслийн санхүүжилтэд зориулсан Монгол Улсын Сангийн яам болон БНХАУ-ын Экспорт-Импорт банк хоорондын тусгайлсан зээлийн хэлэлцээр”-т гарын үсэг зурсан юм.

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газраас олгож буй 1 тэрбум ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд нийт 11 төслийг санхүүжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд тэдгээрийн нэгд нь “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц”-ыг барих төсөл багтдаг.

Энэхүү Засгийн газар хооронд тусгайлсан зээлийн хэлэлцээрийг байгуулснаар төслийг хэрэгжүүлэх нийт 253 сая ам.долларын санхүүжилтийн асуудлыг шийдэв.  

Ховд, Баян-Өлгий, Увс аймгийн дөрвөн сумын нутгийг хамарсан 28000 га талбайд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барина.

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төсөл хэрэгжиж эхэлснээр баруун бүс болон Алтай-Улиастай эрчим хүчний системийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг тэглэн ногоон эрчим хүчээр 100 хувь бүрэн хангаж, их ачааллын үед Төвийн эрчим хүчний системийг дэмжин ажиллах бололцоо бүрдэх юм.

Анх 1964 онд ЗХУ-ын Электросеть институт урьдчилсан судалгааг хийж, 2015 онд уг төслийг хэрэгжүүлэх төслийн нэгж байгуулагдсан юм.  

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдрийн хуралдаанаар Эрдэнэбүрэнгийн УЦС-ын ТЭЗҮ-ийг боловсруулах талаар БНХАУ-ын Төрийн өмчит China Water Resources Beifang Investigation Design and Research /BIDR/ компанитай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулахыг Эрчим хүчний сайдад зөвшөөрсөн.

Үүний дагуу Эрчим хүчний яамнаас 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр /BIDR/ компанитай Хөрөнгө оруулагч талын хөнгөлөлттэй зээлийн үндсэн шаардлага болон үнэлгээний нөхцөлд нийцсэн ТЭЗҮ-г боловсруулахаар Хамтран ажиллах санамж бичгийг эргэн төлөх нөхцөлгүйгээр байгуулснаар судалгааны ажлууд эхэлж, ТЭЗҮ-ийг Эрчим хүчний яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн 2019 оны 11-р сарын 08-ны хурлаар хэлэлцүүлэн, дэмжлэг авчээ. 




Усан цахилгаан станц баригдах болон нуур үүсэх нутаг дэвсгэр нь Ховд, Баян-Өлгий, Увс аймгийн дөрвөн сумын уулзвар газар нутгийг дамнан байрладаг. Иймд аймгуудын ИТХ-ын  Эрдэнэбүрэнгийн УЦС барих болон нуур үүсэх нутаг дэвсгэрийг хамрах 28 мянган га газрыг улсын тусгай хэрэгцээнд авч, хилийн заагийн эргэлтийн цэгийн солбилцол, талбайн хэмжээг баталсан. 
 
Төсөл хэрэгжүүлэх нэгжийнхэн Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төсөл хэрэгжүүлэх газар нутаг болох: 

  • Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Ховд, Буянт сум 
  • Баян-Өлгий аймгийн Баяннуур сум 
  • Увс аймгийн Өмнөговь сумын нутагт амьдарч буй иргэдтэй уулзалт хийж, нутгийн иргэдийн санал хүсэлтийг авч, Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланд тусгаж, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны “Үнэлгээний мэргэжлийн зөвлөл”-өөр 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр батлуулжээ. 

Эрчим хүчий яамнаас “Түлхүүр гардуулах гэрээгээр хэрэгжих Эрдэнэбүрэнгийн 90 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай Усан цахилгаан станцын ажлын зураг төсөл боловсруулах, тоног төхөөрөмж нийлүүлэх, барилга угсралтын ажлыг гүйцэтгэж ашиглалтад хүлээлгэн өгөх” тендерийг 2021 оны нэгдүгээр сарын 14-нд зарласан ба Тендерийн үнэлгээний хорооны 2021 оны наймдугаар сарын 10-ны өдрийн дүгнэлтээр “Пауэр Чайна болон Пауэр Чайна Чэнгду түншлэл”-ийг ерөнхий гүйцэтгэгчээр шалгаруулж, 2021 оны есдүгээр сарын 17-ны өдөр гэрээг байгуулсан. 

Монгол Улсын Сангийн яамнас “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих” төслийн тусгайлсан зээлийн хэлэлцээрийг байгуулахад шаардлагатай баримт бичгийн бүрдлийг 2022 оны гуравдугаар сарын 03-ны өдөр БНХАУ-ын Экспорт-Импорт банканд хүргүүлснээр банкны зээлийн судалгаа буюу төслийн тусгайлсан зээлийн хэлэлцээр байгуулах бэлтгэл ажил эхэлжээ. 

БНХАУ-ын Экспорт-Импорт банкны төлөөлөл 2023 оны гуравдугаар сарын сүүлчээр манай улсад хүрэлцэн ирж, төслийн талбарт ажиллан төслийн үнэлгээг хийсэн байна. 

Эрдэнэбүрэнгийн УЦС төслийн ач холбогдол:  

  • Усан сан үүсгэснээр их хэмжээний цэвэр усны нөөц бүрдэнэ. (1.14 тэрбум шоо метр)
  • Баруун бүсийн аймгууд импортын цахилгаан эрчим хүчний хараат байдлаас гарна.
  • Улсын төсвөөс баруун бүсийн эрчим хүчний системд олгодог татаасыг тэглэнэ.
  • Хүлэмжийн хийг бууруулна. Жилд ойролцоогоор 756.6 мянган тонн нүүрс шатаасантай тэнцэх хэмжээний нүүрсхүчлийн хий /ойролцоогоор 1.3 сая тонн/-н ялгаралтыг бууруулна.
  • Усан цахилгаан станцын барилгын ажлын үед 800-1000 хүн түр ажлын байраар, ашиглалтад орсны дараа 60-80 хүн байнгын ажлын байраар хангагдана.
  • Баруун таван аймгууд найдвартай эх үүсвэртэй болсноор бизнес эрхлэгчдийн үйлдвэр, үйлчилгээ эрхлэх боломж нэмэгдэж иргэдийн ахуй амьдралд ахиц гарна.
  • Усан цахилгаан станцын усан сангийн дагуу аялал жуулчлал, амралт зугаалгын болон загасны аж ахуй хөгжүүлэх бүсийг бий болгоно.
  • Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Ховд, Буянт сумдад усалгаатай газар тариалан хөгжүүлэх боломж бүрдэнэ.
  • Усан сан үүссэнээр орчны агаарын чийгшил нэмэгдэж орон нутгийн уур амьсгал, бэлчээрт эерэг нөлөө үзүүлнэ.
  • Усан цахилгаан станц нь 60-100 жил ажиллах ба шаардлагатай урсгал засварыг цаг хугацаанд нь хийвэл түүнээс дээш жил ашиглагдах боломжтой юм байна. 
Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
1
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар

Сэтгэгдэл (1)
Зочин
1 долоо хоногн өмнө
[66.181.161.59]
Увс өмнөговь сумын ард иргэдтэй гүйцэд зөвшилцөөгүй байж юун барих
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
© 2024 Нийслэлийн мэдээ
Үндсэн цэс
Бусад цэс