Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху Цагаан ордонд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзах үеэрээ хийсэн мэдэгдэлдээ, бүрэн эрхт, тусгаар тогтносон Палестин улсыг байгуулахыг Израил улс дэмжихгүй гэдгээ илэрхийлжээ.
“Палестинчууд өөрсдийгөө удирдах эрхтэй байх нь зүй ёсны хэрэг. Гэвч тэд израилчуудад аюул учруулах ямар ч эрх мэдэлтэй байж болохгүй. Аюулгүй байдлын эрх мэдэл үргэлж Израилын гарт байх ёстой” хэмээн тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулахдаа хэлсэн байна.
Нетаньяху “Бид аюулгүй байдлаа хадгалж, энх тайвныг тогтоохын төлөө ажиллаж байна” гэж онцолсон бол, Ерөнхийлөгч Трамп хоёр улсын зэрэгцэн орших шийдэл боломжтой эсэх тухай асуултад шууд хариу өгөхөөс зайлсхийж, “Би мэдэхгүй. Энэ асуултыг Бибид тавь” хэмээн хариулжээ.
Палестин-Израилийн мөргөлдөөн олон арван жилийн түүхтэй бөгөөд 1948 онд Израил улс байгуулагдсанаас хойш бүс нутагт тогтворгүй байдал үргэлжилсээр ирсэн. Палестинчууд Иерусалимыг нийслэлтэй, тусгаар тогтносон улсаа байгуулахыг зорьж байгаа бол Израил улс аюулгүй байдлын үүднээс энэ санааг эрс эсэргүүцсээр ирсэн.
2000-аад оны эхэн үеэс хойш олон улсын хамтын нийгэмлэг Ойрх Дорнодын хямралыг "хоёр улсын шийдэл"-ээр зохицуулах санал дэвшүүлж, Палестин болон Израил улсууд зэрэгцэн орших боломжтой гэдэгт найдлага тавьж ирсэн. Гэвч энэхүү шийдэл одоог хүртэл бодит биелэлээ олоогүй байна.
Олон улсын харилцаа судлаачид Б.Нетаньяхугийн энэхүү мэдэгдэл нь Израилын үндэсний аюулгүй байдлыг дээдэлсэн бодлогын илэрхийлэл боловч хоёр улсын шийдлийг дэмжигч олон улсын орнуудын хувьд сөрөг дохио гэж үзэж байна.
Тухайлбал, АНУ-ын зарим дипломатчид, Европын холбооны төлөөлөгчид Палестины ард түмний үндэсний өөртөө засах, тусгаар тогтнох эрхийг үл зөвшөөрөх нь бүс нутгийн хурцадмал байдлыг улам даамжруулах эрсдэлтэй хэмээн анхааруулж байна.
2025 оны байдлаар Израил, Палестины харилцаа хурц хэвээр байна. Баруун эрэг, Газа зэрэг бүс нутагт мөргөлдөөн байнга гарч байгаа бөгөөд олон энгийн иргэд амь нас, амьжиргаагаа алдаж буй нь олон улсын зүгээс энхийн хэлэлцээг яаралтай сэргээх шаардлага гаргаж буй гол шалтгаануудын нэг юм.