Шанхай-Чонгчин-Ченду хурдны төмөр замын шугамд дэлхийн хамгийн хурдан цахилгаан галт тэрэг болох "CR450"-ийн туршилт эхэллээ. Өнгөрсөн оны сүүлээр туршилтын загвар нь танилцуулагдсанаас хойш "CR450" галт тэрэг нь нарийн шалгууртай туршилтуудыг давж, 450 км/ц хүртэл хурдлах чадвартай болохоо харуулсан.
Энэхүү шинэ галт тэрэг нь зорчигч тээвэрлэх албан ёсны зөвшөөрөл авахын тулд нийт 600,000 км-ийн туршилтын явцыг амжилттайгаар бүрэн гүйцэтгэх ёстой.
Дэвшилтэд дизайн ба Инженерийн шийдэл
"CR450"-ийн дэвшилтэт дизайн, инженерийн шийдлүүд нь түүнийг дэлхийн хамгийн хурдан галт тэрэг болгож байна.
* Урт хамар: Галт тэрэгний хамар хэсэг нь ердийн хурдны галт тэрэгний 12.5 метрээс урт буюу 15 метр болсон. Энэ нь агаарыг илүү сайн зүсэж, эсэргүүцлийг эрс багасгаж байна.
* Салхины эсэргүүцэл: Дугуйг халхалж, хормойг доошлуулсан зэрэг өөрчлөлтүүд нь салхийг илүү хүчтэй зүсэж, явдал зөөлөн болоход нөлөөлжээ. Эдгээр сайжруулалтууд нь хурдны галт тэрэгний агаарын эсэргүүцлийг 22 хувиар сайжруулсан байна.
* Хурд авах чадвар: Үүний үр дүнд "CR450" нь ердөө дөрвөн минут 40 секундэд 0-ээс 350 км/цаг хүртэл хурдлах боломжтой. Энэ нь одоогийн хамгийн хурдан гэгдэх "Fuxing" галт тэрэгнээс 100 секундээр хурдан гэсэн үг юм.
Дэлхийн дээд амжилтууд
2021 онд гол санаачилга болгон эхлүүлсэн "CR450" төсөл нь хурдацтай үр дүнгээ өгчээ. Өнгөрсөн оны сүүлээр нээлтээ хийсэн загвар нь туршилтын явцад 453 км/цагийн дээд хурд, 896 км/цагийн харьцангуй хурд зэрэг дэлхийн шинэ дээд амжилтуудыг тогтоосон.
Хятадын тээврийн салбар зорчигч болон ачаа тээшийг саадгүй тээвэрлэх зорилгоо амжилттай биелүүлж, хурдацтай хөгжиж байна. Тус улс нь дэлхийн хамгийн том хурдны галт тэрэг, хурдны замын сүлжээг байгуулсан бөгөөд нийтдээ зургаан сая гаруй километрийг хамарч байна.
"CR450"-ийн амжилт нь Хятад улс өндөр хурдны галт тэрэгний технологийн салбарт дэлхийд тэргүүлэгч хэвээр байгааг дахин нотолж байна.
ЭХ СУРВАЖ: CGTN