Оюу Толгой ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүд болон гүйцэтгэх удирдлагын багийн танилцуулга, мэдээлэл сонсох хурал товлогдсон боловч, Оюу Толгой компанийн удирдлагууд хуралд ирсэнгүй. Удирдлагууд яриа хэлэлцээр хийх аюулгүй орчныг бүрдүүлсэн нөхцөлд хуралд оролцох хүсэлтээ илэрхийлсэн байна.
Гишүүд Оюу Толгойгоос мэдээлэл авах асуудлыг хэлэлцэх асуудлаас хасах санал хурааж дэмжсэн. Зарим гишүүд:
Оюу Толгой ХХК-д очиж мэдээлэл авах хүсэлт гаргах,
Эсвэл Оюу Толгойгийн удирдлагуудыг ирүүлж, хуралдааныг хаалттай явуулж мэдээлэл авах санал гаргасан байна.
Иймд уг асуудлыг хэлэлцэх асуудлаас хасч, хойшлуулжээ.
Оюу Толгой Ордын Хөрөнгө Оруулагч Талтай Хэлэлцээр Хийх Ажлын Хэсгийн Мэдээлэл
Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 73 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн явцын мэдээллийг сонсож, хэлэлцсэн байна.
Энэхүү ажлын хэсэг нь стратегийн ач холбогдол бүхий Оюу Толгой бүлэг ордын талбайн хил зааг дотор ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг “Онтрэ” ХХК-ийн хувьцааны төрийн эзэмших хувь хэмжээг хууль тогтоомжид нийцүүлэн тогтоох талаар хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх, холбогдох асуудлыг УИХ-д танилцуулах үүрэгтэй юм.
УИХ-ын гишүүд ажлын хэсгийн үр дүнд оролцогч талууд хэлэлцээрийн ширээнд суухаар болсон нь сайшаалтай байгааг онцолсон байна.