Милан-Кортина 2026 өвлийн Олимпийн наадмын хамгийн тод дүр төрхөөр Нидерландын тэшүүрчин Ютта Лердам тодорлоо. Тэрээр зөвхөн мөсөн зам дээр хурд хүчээ гайхуулаад зогсохгүй, спортын маркетингийн түүхэнд бичигдэхүйц стратегийн өндөр ач холбогдолтой мөчийг бүтээв.
Ютта Лердам эмэгтэйчүүдийн 1000 метрийн зайд 1:12.31 секунд хурдалж, Олимпийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосноор алтан медалийн эзэн боллоо. Мөн тэрээр 500 метрийн зайд мөнгөн медаль хүртэж, энэ удаагийн Олимпоос хос медальтай буцаж байна.
Ялалтын дараах сэтгэл хөдлөлийн торгон мөчид Ютта өөрийн оранж-цэнхэр өнгийн өмсгөлийнхөө цахилгааныг доошлуулсан нь түүний өмссөн цагаан өнгийн Nike брэндийн спорт браг дэлхий нийтэд харуулсан юм. Энэхүү дүр зураг агшин зуурт сошиал ертөнцөд "viral" болж, маркетингийн мэргэжилтнүүдийн анхаарлыг татлаа.
Branthlete агентлагийг үүсгэн байгуулагч Фредерик де Лаат "AD" сонинд өгсөн ярилцлагадаа уг мөчийг 1 сая доллараас дээш үнэ цэнтэй байх магадлалтайг онцолжээ.
Ютта өөрөө Instagram-д 6.3 сая дагагчтай бөгөөд нэг спонсор пост тутмаас $50,000–$100,000 олдог байна.
Олон улсын Олимпийн хороо (IOC) уг үйлдлийг хянан хэлэлцээд, үүнийг "ambush marketing" буюу далд сурталчилгааны дүрмийг зөрчсөн үйлдэл биш гэж үзжээ. Энэ нь спонсорын гэрээний хүрээнд зөвшөөрөгдөх хэмжээнд байсан тул тамирчинд ямар нэгэн шийтгэл ногдуулахгүй байхаар шийдвэрлэсэн байна.
"Энэ бол зөвхөн спортын ялалт биш, сэтгэл хөдлөл, амжилт болон брэндийн логог хослуулсан маркетингийн жинхэнэ мастер-класс байлаа."
Ютта Лердам ийнхүү Олимпийн тэнгэрт алтан медальтайгаа хамт өөрийн бизнесийн үнэ цэнийг дэлхий дахинд батлан харуулж чадлаа.