Гал морин жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний билэгт өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Г.Занданшатар нар Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, МУСТА, ерөөлч, магтаалч Ц.Соёл-Эрдэнийг хүлээн авч уулзан, төрийн хан хуурчаар үе залгамжуулан томиллоо.
Төрийн хан хуурч Ц.Соёл-Эрдэнэ нь Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын харьяат, Ардын жүжигчин, төрийн хан хуурч асан Ц.Цэрэндоржийн хүү бөгөөд аавынхаа эгэл авьяас, ур чадварыг уламжлан авч, морин хуурын урлагийг мэргэжлийн түвшинд эзэмшсэн нэрт уран бүтээлч юм. Тэрээр бага наснаасаа морин хуур хөгжмийг сурч, ардын болон уламжлалт аялгуу, уртын дууны хуурын татлагыг уран чадварлаг тоглодгоороо алдаршжээ.
Төрийн золголтын үеэр Ц.Соёл-Эрдэнэ “Морины явдал” аялгуу, “Төр түмэндээ өргөх айлтгал магтаал”-ыг эгшиглүүлж, төр улс төвшин, түмэн олон амгалан жаргалантай байхыг ерөөв. Энэ нь шинэ жилийн өлзий хутаг, ерөөл бэлгэдлийг төгөлдөршүүлсэн хүндэт мөч байлаа.
Төрийн хан хуур нь энгийн морин хуураас ялгаатай бөгөөд төрийн ёслол, хүндэтгэлийн арга хэмжээнд эгшиглэдэг онцлогтой. Энэ хөгжмийн зэмсэг нь Монгол Улсын төрт ёс, тусгаар тогтнол, үндэсний соёлын дээд илэрхийлэл бөгөөд эзэн Чингис хааны үеэс уламжилсан дархлаа, бат бэх оршихуй, эв нэгдлийн бэлгэдэл юм. Хуурын толгой дахь морь нь Монгол хүний эрх чөлөө, хийморь, хурд хүчийг, хоёр чавхдас нь эх дэлхий ба мөнх хөх тэнгэрийн холбоо, хүний сэтгэлийн ариун чанарыг илэрхийлдэг.
Өмнийн говиос гаралтай аав хүү хоёроор дамжин төрийн хан хуурын өв залгамжлал үргэлжилж байгаа нь Монголын уламжлалт соёл, урлагийг хойч үедээ өвлүүлэн үлдээхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй сайхан үйл явдал боллоо.
