АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч, Украины асуудлаарх ерөнхий хэлэлцээч Стивен Уиткофф ОХУ болон Украины төрийн тэргүүнүүд ойрын хугацаанд биечлэн уулзах боломжтойг үгүйсгэсэнгүй. Цаашид АНУ-ын зүгээс гаргаж буй хүчин чармайлтын үр дүнд ирэх гурван долоо хоногийн дотор ийм дээд хэмжээний уулзалт болох нөхцөл бүрдэж магадгүй гэж тэрбээр “Fox News” телевизэд өгсөн ярилцлагадаа онцолсон байна.
С.Уиткоффын мэдээлснээр, тэрбээр Ерөнхийлөгч Д.Трампын хүргэн Жаред Кушнерийн хамт талуудтай идэвхтэй хэлэлцээ хийж байгаа аж.
Энэхүү зуучлалын үйл ажиллагаа нь ойрын гурван долоо хоногт талуудын байр суурийг ойртуулж, улмаар хоёр улсын ерөнхийлөгч нарын биечилсэн уулзалтыг зохион байгуулах суурь болох юм байна.
Түүнчлэн С.Уиткофф хэрэв энхийн хэлэлцээр байгуулах бодит боломж харагдвал Д.Трамп өөрөө оролцсон гурван талт уулзалт хийх хувилбарыг ч мөн үгүйсгэсэнгүй. Тэрбээр:
"Ерөнхийлөгч Д.Трамп хамгийн сайн үр дүнд хүрч чадна гэдэгтээ итгэлтэй болоогүй тохиолдолд уулзалтад биечлэн оролцохыг урьтал болгохгүй болов уу" хэмээн хэлжээ.
Тусгай элч ярилцлагынхаа төгсгөлд ойрын долоо хоногуудад энх тайвны хэлэлцээртэй холбоотой "нааштай мэдээ" дуулдана гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн байна.