Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумаас олдсон язгууртны торгон дээлийн эх загвараас сэдэвлэн бүтээсэн, Гиннесийн амжилтад бүртгэлтэй "Язгууртны дээл" олны хүртээл болж байна.
Бүтээлийн онцлох тоон үзүүлэлтүүд:
Хэмжээ: 14 метр өндөр, 18 метр өргөн.
Хүч хөдөлмөр: "Батзүү" компанийн 50 гаруй уран бүтээлч гурван сарын турш тасралтгүй ажиллаж урласан.
Материал: Даавуу, торго, савхи, алтан утас болон олсыг хослуулан ашиглажээ.
Энэхүү дээл нь зөвхөн хэмжээгээрээ бус, монгол урчуудын уламжлалт гар урлалын нарийн арга барилыг шингээснээрээ онцлог юм. Хаан хээ, үндэсний хээ угалз, зээгт наамал болон гар оёдлын нарийн хийцийг хослуулан бүтээсэн нь монголчуудын уран сэтгэмж, зохион бүтээх чадварын илэрхийлэл болж байна.
"Энэхүү бүтээл нь монгол өв соёлын сүр жавхланг дэлхий дахинд таниулах бэлгэдэл бөгөөд цаашид түүх, соёлын үнэт өв болон хадгалагдах юм."
Түүхэн олдворыг орчин үеийн ур хийцтэй хослуулсан уг "Гиннест бүртгэлтэй язгууртны дээл" түр үзэсгэлэн “Чингис хаан” үндэсний музейд энэ сарын 24-нийг дуустал үргэлжлэх тул та амжиж сонирхоорой.