Сар шинийн баяр, амралтын өдрүүдэд цаг агаарын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан Онцгой байдлын байгууллага өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллалаа. Энэ хугацаанд объектын гал түймрийн 1, эрэн хайх, аврах ажиллагааны 26 удаагийн дуудлага бүртгэгджээ.
Хоёрдугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө хүчтэй цасан шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдсаны улмаас малчид малтайгаа төөрөх, авто машинууд цасанд боогдох, цахилгаан эрчим хүч тасрах зэрэг хүндрэлүүд үүссэн байна.
Цасны зузаан: Баруун-Уртад хамгийн их буюу 10 см, Эрдэнэцагаан, Халзан сумдад хамгийн бага буюу 3 см цасан бүрхүүл тогтсон.
Салхины хурд: Шуурганы үеэр салхи зарим тохиолдолд 26-27 м/с хүрч ширүүссэн байна.
Нийт бүртгэгдсэн 26 дуудлагын:
4 дуудлагад: Аймгийн ОБГ-ын алба хаагчид,
Бусад дуудлагад: Сумдын мэргэжлийн ангиуд шуурхай ажиллаж, эрэн хайх аврах ажиллагааг зохион байгууллаа.
Дуудлагын дийлэнх хувийг цасанд суусан, шатахуун дуусч гацсан болон хүн төөрсөн (7 тохиолдол) дуудлагууд эзэлж байв. Аврах ажиллагааны үр дүнд нийт 64 том хүн, 29 хүүхдийн амь насыг авран хамгаалсан байна.
Харамсалтай мэдээ: Малынхаа араас явж байгаад шуурганд төөрсөн иргэдийг эсэн мэнд олсон ч Наран суманд нэг иргэн амь насаа алдсан байдалтай олджээ.
Баруун-Урт — Улаанбаатар чиглэлийн авто замын цасанд хаагдсан хэсгүүдийг "Талын зам" ХХК болон ОБГ-ын техникийн хүчээр цэвэрлэж, замын хөдөлгөөнийг хэвийн болгосон байна.
Эх сурвалж: Аймгийн Онцгой байдлын газар