“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд 2025 оны үйл ажиллагааны тайлан болон 2026 оны зорилтот төлөвлөгөөгөө сэтгүүлчдэд танилцууллаа. Өнгөрсөн онд нүүрсний зах зээл дэх үнийн уналт сорилт болсон ч тус компани санхүүгийн болон үйлдвэрлэлийн өндөр үзүүлэлттэй ажилласан байна.
Тус компани 2025 онд нийт 30.2 сая тонн нүүрс олборлосноос 27.6 сая тонныг борлуулж, 1.7 тэрбум ам.долларын орлого олжээ. Энэхүү борлуулалтын үр дүнд:
Улсын төсөвт: 1.6 их наяд төгрөгийн татвар төвлөрүүлсэн.
Цэвэр ашиг: 1.1 их наяд төгрөгт хүрсэн.
Ногдол ашиг: Нийт хувьцаа эзэмшигчдэд 786.6 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлээд байна.
Өнгөрсөн хугацаанд тус компани зөвхөн түүхий нүүрс гаргахаас гадна нэмүү өртөг шингээх үйлдвэрлэлийн томоохон төслүүдийг амжилттай эхлүүлжээ. Үүнд:
Нүүрс баяжуулах үйлдвэр
Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв
Загийн усны хоолой
Нүүрс тээврийн конвейер
Эдгээр төслүүд ашиглалтад орсноор ордын нөөцийг үр ашигтай ашиглах, байгаль орчинд ээлтэй, тогтвортой үйл ажиллагаа явуулах суурь нөхцөл бүрдсэн байна.
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2026 онд үйл ажиллагааны далайцаа тэлж, дараах зорилтуудыг дэвшүүллээ:
Олборлолт: 35 сая тонн
Борлуулалт: 32.9 сая тонн
Төвлөрүүлэх орлого: 7.9 их наяд төгрөг
Компанийн удирдлагуудын онцолж буйгаар, энэ оны төлөвлөгөө нь Монгол Улсын гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад жинтэй хувь нэмэр оруулах юм.