Увс аймгийн Засаг даргын орлогч С.Анхбаяраар ахлуулсан ажлын баг энэ сарын 4-ний өдөр “Шинэ-Улаангом” захын түрээслэгчид болон худалдаа эрхлэгчидтэй уулзаж, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцлээ.
Уулзалтын үеэр гал гарснаас хойш авч хэрэгжүүлсэн арга хэмжээ болон хохирлыг арилгах чиглэлээр хийгдэж буй ажлуудыг танилцуулав. Иргэдийн хамгийн их хүлээлттэй байсан шинэ зах барих асуудалд дараах ахиц гарсан байна:
Төсвийн дэмжлэг: Шинэ зах барихад зориулж улсын төсвөөс 3 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэсэн.
Байршлын асуудал: Шинэ захыг хуучин суурин дээр нь барих уу, эсвэл шинэ байршилд барих уу гэдэг дээр иргэдийн саналыг албан ёсоор авлаа.
Уулзалтад оролцсон 189 иргэний дийлэнх олонх нь захыг шинэ байршилд барихыг илүүд үзэв.
Санал асуулгын дүн:
169 иргэн: Шинэ байршилд барих санал гаргасан.
20 иргэн: Бусад саналтай байв.
Ажлын баг иргэдийн энэхүү саналыг үндэслэн нарийвчилсан судалгаа хийж, эцсийн дүгнэлтийг шуурхай танилцуулахаар боллоо.
Өнгөрсөн оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Улаангом сумын төрийн өмчит “Шинэ-Улаангом” захад гал гарч, 300 гаруй худалдаа эрхлэгч эд материалын болон санхүүгийн хохирол амссан харамсалтай явдал болсон юм. Аймгийн удирдлагуудын зүгээс тэдгээр иргэдийг ажлын байраар хангах, хохирлыг барагдуулах тал дээр үе шаттай арга хэмжээ авч байна.