Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням “FLSmidth” компанийн төлөөлөлтэй уулзав
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням дэлхийн уул уурхайн тоног төхөөрөмж, технологийн тэргүүлэгч FLSmidth компанийн төлөөлөлтэй уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Энэ үеэр сайд Г.Дамдинням яриандаа Монгол Улсын уул уурхайн салбар нь 2025 оны байдлаар ДНБ-ий 25 хувь, аж үйлдвэрийн бүтээгдэхүүний 79 хувь, экспортын орлогын 93 хувийг бүрдүүлж байгаа бөгөөд Засгийн газраас аж үйлдвэржилтийг эрчимжүүлэх, нэмүү өртөг шингээсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлж буйг онцлов.
Уулзалтын үеэр зэс хайлуулах болон боловсруулах үйлдвэрийн төслүүдийг хэрэгжүүлэх, ногоон технологид суурилсан уул уурхайн тоног төхөөрөмж, баяжуулах үйлдвэрийн процессын туршилт, тохируулгыг Монгол Улсад нутагшуулах чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар хэлэлцэв. Мөн Оюу Толгой, Эрдэнэт үйлдвэр зэрэг томоохон төслүүдийн хүрээнд ESG стандарт, тогтвортой уул уурхайн чиглэлд хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ.
Эх сурвалж: Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам 2026.03.02