Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс 2026 оны 5 дугаар сарын 11-15-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 449 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалгаж, үүнээс 400 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор 49 нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан шалгаж байна.
Мөн өнгөрсөн хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 150 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 39-ийг нь хянан шийдвэрлэв.
Хяналт шалгалтын явцад гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй хэд хэдэн үйлдэл илэрснийг нарийвчлан шалгуулахаар Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлсэн байна. Тухайлбал, иргэнд өмчлөх газрын хэмжээг нэмэгдүүлэн шийдвэр гаргасан, ажлын байр түрээслэх гэрээг зах зээлийн үнээс өндөр үнээр байгуулсан, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, хамаарал бүхий этгээдэд давуу байдал олгосон зэрэг үйлдлүүдийг шалгуулахаар шилжүүлжээ.
Түүнчлэн төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 28 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгасан байна.