Монгол Улсын эрчим хүчний салбарт нэгэн шинэ хуудас нээгдлээ. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2026 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт орших “Тавантолгой-XXXIII” талбайн нүүрсний давхаргын метан хийн баялгийн үнэлгээ, нөөцийн тооцоог хэлэлцэж, Монгол Улсын түүхэнд анх удаа албан ёсоор бүртгэн авах шийдвэр гаргав.
Уг талбайд 2021-2025 оны хооронд хэрэгжүүлсэн эрэл, хайгуулын ажлыг “Эрдэнэс Метан” ХХК болон Австралийн “Жейд Метан” ХХК-ийн хамтарсан “Метан Газ Ресурс” ХХК бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу гүйцэтгэсэн юм. Хайгуулын үр дүнд “Тавантолгой-XXXIII” гэрээт талбайн “Улаан нуур” хэсэгт метан хийн анхдагч хуримтлал болон олборлох боломжит нөөцийн хэмжээг нарийвчлан тогтоожээ.
Нүүрсний давхаргын метан хий нь дэлхий дахины эрчим хүчний шилжилтийн үед системийн тогтвортой байдлыг хангах уян хатан, цэвэр түлшний эх үүсвэрт тооцогддог. Тиймээс энэхүү төсөл нь Монгол Улсад метан хийн аж үйлдвэрийн суурийг тавих, эрчим хүчний эх үүсвэрийг төрөлжүүлэхэд стратегийн өндөр ач холбогдолтой бөгөөд салбарын хөгжлийн шинэ үе шатыг эхлүүлж байна.