"Долоогийн бүлэг"-ийн (G7) орнууд дэлхийн эрчим хүчний зах зээлийг тогтворжуулах зорилгоор стратегийн нөөцөөсөө 100 сая баррель газрын тос, газрын тосны бүтээгдэхүүнийг хамтран гаргахаар тохиролцжээ. Уг шийдвэрийн дагуу нийлүүлэлтийг ойрын өдрүүдэд эхлүүлэх бөгөөд дөрвөн сарын хугацаанд хэрэгжүүлнэ.
Энэ тухай Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон дэлхийн эрчим хүчний зах зээлийн нөхцөл байдлын асуудлаарх G7-гийн удирдагчдын цахим уулзалтын дараа мэдэгдсэн байна. Стратегийн нөөцөөс газрын тос, газрын тосны бүтээгдэхүүн гаргах үйл явцыг Олон улсын эрчим хүчний агентлаг (ОУЭХА) зохицуулах ажээ.
Дизель түлшний нэлээд хэсгийг эхний 20 хоногт багтаан зах зээлд нийлүүлэхээр төлөвлөж байна. Үүний зэрэгцээ G7-гийн орнууд газрын тос боловсруулах үйлдвэрүүдийн техникийн засвар, үйлчилгээг хийх хуваарийг уялдуулж, үйлдвэрүүдийн хүчин чадал нэгэн зэрэг буурахаас сэргийлэхээр тохиролцжээ. Мөн боломжтой тохиолдолд үйлдвэрүүдийн ачааллыг түр хугацаанд нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.
G7-гийн удирдагчид мөн газрын тос боловсруулах хүчин чадал ихтэй орнуудад хандан газрын тосны бүтээгдэхүүн, тэр дундаа дизель түлшний үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхийг уриалжээ.
Үүнээс гадна, бүлгийн гишүүн орнуудын хооронд эрчим хүчний эх үүсвэрүүд, газрын тосны бүтээгдэхүүний экспортод хязгаарлалт тогтоохгүй гэдгээ дахин нотолж, бусад үйлдвэрлэгч орныг мөн ийм арга хэмжээ авахаас зайлсхийхийг уриалсан байна. Ингэснээр дэлхийн эрчим хүчний зах зээлд нэмэлт дарамт үүсэхээс сэргийлнэ гэж үзжээ.
Өмнө нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Европын орнууд стратегийн нөөцөөсөө их хэмжээний дизель түлш гаргахыг зөвшөөрсөн гэж мэдэгдсэн юм. Түүний хэлснээр, уг үйл явц нэн даруй эхлэх ёстой.
G7-гийн энэхүү шийдвэр түлшний үнэ өсөж, нийлүүлэлт тогтворгүй болох вий гэсэн болгоомжлол нэмэгдэж буй үед гарч байна. Авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд нь эрчим хүчний аюулгүй байдал, зах зээлийн нөхцөл байдалд хэрхэн нөлөөлж байгааг хянахыг тус бүлгийн удирдагчид ОУЭХА-т үүрэг болгожээ.
Үүнээс өмнө дэлхийн зах зээлд шатахууны хомсдол үүсэх вий гэсэн болгоомжлолын улмаас “Brent” маркийн газрын тосны үнэ баррель нь 102 ам.доллароос давж өсөөд байв.