Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны (БОУАӨЯ) салбарт өдгөө олон улсын 35 төсөл, хөтөлбөр хэрэгжиж байгаа бөгөөд тэдгээрийн санхүүжилт, технологи, туршлагыг Монгол Улсын хөгжлийн бодлоготой нягт уялдуулж, бодит үр дүнд хүргэхэд анхаарч байна.
Энэ хүрээнд нүүрстөрөгчийн зах зээлийг хөгжүүлэх эрх зүй, институц, техникийн суурийг бэлтгэх, чадавхыг бэхжүүлэхээс гадна хотын хөгжлийг байгальд ээлтэй, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй болгох “Монголын ногоон, хүртээмжтэй хотууд” төслийг амжилттай хэрэгжүүлж байна.
Түүнчлэн байгаль хамгааллын санхүүжилтийн тогтвортой эх үүсвэрийг бүрдүүлэх, дутагдлыг багасгах шийдлүүдийг BIOFIN II хөтөлбөрөөр дамжуулан хэрэгжүүлж, хамгааллын сангийн тогтолцоог хөгжүүлж байгаа аж. Мөн газрын доройтол, бэлчээрийн даац, ойн экосистемийн хомсдолыг цогцоор нь шийдвэрлэх ландшафтын түвшний төслүүдийг өрнүүлж байна.
Уур амьсгалын бодлогын хэрэгжилтийг бодит мэдээлэл, тооцоонд тулгуурлах нөхцөлийг бүрдүүлэх зорилготой CBIT-II төсөл нь хүлэмжийн хийн ялгарлын тооллого, хэмжих, тайлагнах, баталгаажуулах тогтолцоог боловсронгуй болгож байгаа юм. Энэ тухай 2027-2028 оны тэргүүлэх чиглэл, хэрэгжилтын үр дүнг хэлэлцэх уулзалтын үеэр онцоллоо.