Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан «Тэрбум мод» үндэсний хөдөлгөөний хүрээнд намрын мод тарих аян орон даяар үргэлжилж байна.
Аяны хүрээнд энэ сарын 3-нд «Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэн»-д 42 байгууллагын 1,072 хүн найман төрлийн 3,000 мод тарилаа. Мод тарих өдрүүдэд зориулж Ойн газар Улаанбаатар хотын есөн байршилд навчит болон шилмүүст найман төрлийн модны 400 мянган суулгацаар дэмжлэг үзүүлж байна. Түүнчлэн иргэд, байгууллагуудыг тарьц, суулгацаар хангах үзэсгэлэн энэ сарын 5-18-ны өдрүүдэд болно.
Хөдөлгөөний хүрээнд өнөөдрийн байдлаар аймгууд 78, уул уурхайн аж ахуйн нэгжүүд 50, төрийн болон хувийн хэвшлийн бусад байгууллага 12 сая буюу нийт 140 сая модыг шууд болон дүйцүүлэх хэлбэрээр тарьж ургуулаад байна. Өнгөрсөн хугацаанд улсын хэмжээнд 113.8 сая тарьц, суулгац, 21.6 тонн үрийн нөөц бүрдүүлж, 1,264 ойн инженер, 6,354 ойжуулагч, техникч бэлтгэжээ. Ойн салбарт үйл ажиллагаа явуулж буй 650 гаруй мэргэжлийн байгууллагын 43 хувь нь мод үржүүлгийн чиглэлийнх юм.
Мод тарихын зэрэгцээ ойн санг хөнөөлт шавж, өвчлөл, доройтлоос хамгаалах ажил үргэлжилж байна. Энэ жил 16 аймгийн 130 гаруй сумын 2.4 сая га талбайд ойн хөнөөлт шавжийн тархалтын судалгаа хийж, 256.5 мянган га талбайд голомт үүссэнийг тогтоосон. Үүний дагуу агаарын хөлөг, үүргэвчийн шүршигч, гэрлэн урхи, дрон болон механик аргаар 133.5 мянган га талбайд хөнөөлт шавжтай тэмцэх ажил хийжээ.
Мөн Сонгинохайрхан дүүргийн 36, 41 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх Нарангийн энгэр, Баянзүрх дүүргийн 21, 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх Цагаан давааны хогийн цэгийг ойжууллаа. Энэ нь доройтсон газрыг нөхөн сэргээж, нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хөрс, агаарын бохирдлыг бууруулах, иргэдийн амьдрах орчны чанарыг сайжруулахад ач холбогдолтой юм.