Их Британи, АНУ, Хятад, Испанийн эрдэмтдээс бүрдсэн олон улсын судалгааны баг ойролцоогоор 324 сая жилийн өмнө амьдарч байсан эртний шавжийн шинэ зүйлийг илрүүлжээ. Энэ олдвор нь шавжууд усан орчноос хуурай газрын амьдралд нэг дор бус, аажмаар дасан зохицсоныг харуулсан чухал баримт болж байна.
АНУ-ын Техас мужаас олдсон уг шавжийг Чоша прекурсор (Chosha praecursor) гэж нэрлэжээ. Нэр нь Навахо хэлний «шавж» гэсэн утгатай үг болон латин хэлний «өмнөх» гэсэн үгнээс бүтсэн аж. Судлаачдын тогтоосноор энэ шавж орчин үеийн шавжуудын нэгэн адил цээжний хэсэгтээ алхахад зориулсан гурван хос хөлтэй байжээ. Үүнээс гадна хэвлийн хэсэгтээ есөн хос нэмэлт хөлтэй байсан бөгөөд тэдгээрийн арын хэсэг нь усанд сэлэхэд зохицсон сэлүүр хэлбэртэй байсан нь онцлог юм.
Энэ бүтэц нь Чоша прекурсор бүрэн хуурай газрын амьтан болоогүй, ус болон хуурай газрын аль алинд дасан зохицсон хагас усны амьдралтай байсныг илтгэнэ. Судлаачид эртний шавжууд усан орчинд хэрэгтэй байсан эрхтнүүдээ шууд алдаагүй, харин тэдгээрийг өөрчлөн ашиглаж, олон сая жилийн туршид хуурай газрын амьдралд шилжсэн гэж үзжээ.
Олдворыг 1985 онд Карбоны галавын Теснусын формацаас олсон боловч 40 жилийн турш музейд хадгалагдаж байжээ. Өмнө нь хавч хэлбэртэн гэж ташаа ангилж байсан уг олдворыг эрдэмтэд туйлширсан гэрлийн тусламжтайгаар дахин судалж, шавж болохыг тогтоосон байна.
Судалгааны үр дүнг наймдугаар сарын 26-нд Nature сэтгүүлд нийтэлсэн. Эрдэмтэд энэ нээлт эртний шавжуудын биеийн бүтэц хэрхэн өөрчлөгдөж, уснаас хуурай газарт шилжсэн хувьслын түүхийг тодруулахад чухал ач холбогдолтой гэж үзэж байна.