“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн болон Бүх нийтээр мод тарих өдрийн хүрээнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын уурхайчид Хангал гол дагуу 2700 бургас тарьж, татмын ойжуулалт хийлээ. Байгаль орчныг нөхөн сэргээх, усны чанарыг сайжруулах, хөрсний элэгдэл, эвдрэлээс хамгаалах зорилготой уг ажилд үйлдвэрийн бүх нэгжийн 500 гаруй ажилтан идэвхтэй оролцлоо.
Ойн газраас баталсан чиглэлийн дагуу энэ онд нийт 25 орчим га талбайд татмын ойжуулалт хийхээр төлөвлөөд байна. Хангал болон Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрийг дамнан урсдаг Хангал голын сав газарт нийт 3 сая бургас тарихаар зорилт тавин, жил бүр тарилтын хэмжээг нэмэгдүүлж байгаа юм.
Хангал голын дагуух энэхүү ойжуулалт нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон Булган аймаг хоорондын урт хугацааны хамтын ажиллагааны нэг хэсэг юм. Түүнчлэн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь байгалийн нөөц ашигласны төлбөрт жил бүр Булган аймгийн орон нутгийн төсөвт 1 тэрбум төгрөг төвлөрүүлж, сумдад тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд тодорхой хувь нэмэр оруулдаг.
Тус үйлдвэр Булган аймагтай хамтран хэрэгжүүлж буй энэхүү ойжуулалтын ажлыг цаашид улам өргөжүүлж, байгаль орчныг хамгаалах, усны нөөцийг хадгалах болон ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр туштай үргэлжлүүлэн ажиллах юм.