Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо 2026.10.08 нд 53.1 хувийн ирцтэйгээр хуралдаж, Монголбанкны Ерөнхийлөгчийн ирүүлсэн асуулгын хариуг сонсохын зэрэгцээ ирэх оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.
Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Ж.Баярмаагаас Монголбанкны Ерөнхийлөгчид хандсан инфляцын өсөлт, мөнгөний бодлогын үр нөлөөний талаарх 8 чиглэлийн асуулгын хариуг хэлэлцсэн юм.
Монголбанкны байр суурь: Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт 58 хуудас бүхий албан тоот бүхий хариуг танилцуулахдаа, 2026 оны 7 дугаар сарын байдлаар инфляц 13 хувьд хүрснийг онцлов. Үүний 50 хувь нь мах, хүнсний ногооны үнийн өсөлт болон геополитикийн нөлөөлөлтэй холбоотой аж. Төв банк үнийн өсөлтөөс хамгаалах зорилгоор наймдугаар сард бодлогын хүү болон заавал байлгах нөөцийн хувийг чангаруулсан бөгөөд цаашид инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах зорилттой байна. Мөн иргэд Монголбанкаас үрлэн алт худалдан авах боломжтой болсныг дурдлаа.
Гишүүдийн байр суурь: УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар удаан хугацаанд хатуу мөнгөний бодлого баримталсан нь иргэд, аж ахуйн нэгжүүдэд хүндрэл учруулж, зээлийн өндөр хүү бизнес эрхлэхэд сөргөөр нөлөөлж байгааг шүүмжлэв.
Хамтарсан сонсгол хийх санал: Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Засгийн газраас иргэдийн орлогыг хамгаалах бодлого болон Төв банкны хатуу бодлогыг уялдаатай болгох зорилгоор хамтарсан сонсгол хийх санал гаргасныг Байнгын хорооны дарга Б.Заяабал судлахаа илэрхийллээ.
Үргэлжлүүлэн Монгол Улсын 2027 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.
Хэлэлцүүлгийн үеэр анхаарал татсан гол асуудлууд:
Оюутолгойн ногдол ашиг: УИХ-ын гишүүн О.Батнайрамдал, Б.Жаргалан нар 2027 оноос иргэн бүрт ногдох Оюутолгойн ногдол ашгийг (850 орчим мянган төгрөг) ямар нэгэн байдлаар хасаж танахгүй байх, ард түмний амьдрал доройтсон энэ цаг үед төсвийн зарцуулалтад шингээж үрэхгүй байхыг хатуу сануулав.
Төсвийн сахилга бат: Зарим сайд нар хуралдаанд ирээгүйг гишүүд шүүмжилж, салбар бүрт хэмнэлт бус тэлэлт оруулж ирснийг шүүмжлэн, төсвийн сахилга батыг чангатгах шаардлагатайг онцоллоо.
Салбарын тулгамдсан асуудал: Эрчим хүчний сайд Б.Найдалаа ирэх жил эрчим хүчний салбарт тавьсан татаас хүрэлцэхгүй байгааг дурдаж, зөв шийдэл олоход анхаарч өгөхийг хүслээ.
Гишүүд асуулт асууж, Засгийн газрын төлөөлөгчид хариулсны дараа хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал, дүгнэлтийг УИХ-ын Төсвийн байнгын хороонд танилцуулахаар тогтов.