Улсын Их Хурал өнөөдөр Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа. Хуулийн төслийг УИХ-ын 78 гишүүн хамтран өргөн барьсан юм. Шинэчилсэн хууль 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ.
Хууль санаачлагч, УИХ-ын гишүүн О.Номинчимэг хэлэхдээ: “126 гишүүнтэй, ардчилсан Монгол Улсын парламентад хуулийг олон талаас нь ширүүн мэтгэлцээнтэйгээр хэлэлцэж болдгийн нэг жишээ нь энэ хууль боллоо. УИХ багаараа шийдвэр гаргадаг. Энэ шийдвэрээрээ бид 13 жил шинэчлэгдээгүй байсан Тамхины хяналтын тухай хуульд ахиц гаргаж, хойч үеийнхээ эрүүл мэндийг хамгаалах алхам хийсэндээ баяртай байна. Үзэл санаагаараа нэгдэж, багаар ажиллан, эцсийн санал хураалтад дэмжиж саналаа өгсөн УИХ-ын гишүүддээ талархал илэрхийлье. Хууль үр дүнгээ өгч, хэрэгжилт нь сайн байх, 2030–2031 онд тамхидалтыг 13 хувиар бууруулах зорилтоо биелүүлэхийн тулд хэрэгжилтэд нь анхааран ажиллана” гэв.
УИХ-ын гишүүн А.Ариунзаяа хуулийн гол өөрчлөлтийн талаар тайлбарлахдаа: "Янжуур тамхи болон цахилгаан тамхи буюу вэйп адил хортой учраас ижил татвар ногдуулж, ижил зохицуулалтад хамруулж байна. Түүнчлэн аль ч төрлийн тамхинд жимс, гаа зэрэг амт, үнэр оруулахыг хориглосон. 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн амт, үнэр оруулсан, гадаад үзэмжээр татахуйц болгосон аливаа тамхийг Монгол Улсад хэрэглэхийг хориглоно. Харин хамрын тамхи буюу уламжлалт монгол тамхинд ямар нэгэн хориг, хязгаарлалт тогтоогоогүйг онцлон хэлье" гэлээ.
Харин УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл: "Санаачилсан хууль маань хоёр жилийн дараа батлагдаж байгаад талархаж байна. О.Номинчимэг гишүүн ажлын хэсгийг ахалж, бид олон улсын байгууллагуудтай хамтран олон удаагийн уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хамгийн чухал үр дүн нь өсвөр насныхныг хорт зуршлаас урьдчилан сэргийлж, хойч үеийнхээ эрүүл мэндийг хамгаалах боломжтой болсон явдал юм" хэмээв.