Засгийн газраас өргөн мэдүүлсэн ирэх оны төсвийн төсөлд Оюутолгойн ногдол ашгаас 3 их наяд төгрөгийн орлого тусгасан нь тодорхой үндэслэлгүй байгаа тул нягтлах шаардлагатай гэж Ардчилсан нам үзэж байгаагаа өнөөдөр мэдэгдлээ.
Оюутолгой төслийн 34 хувийг Монгол Улс, 66 хувийг Рио Тинто компани эзэмшдэг. Тиймээс Монголын тал 3 их наяд төгрөгийн ногдол ашиг авна гэвэл Рио Тинто ойролцоогоор 6 их наяд төгрөг авах тооцоо гарна. Энэ нь Оюутолгой компани 2026 оны ашгаасаа нийт 9 орчим их наяд төгрөгийг ногдол ашиг болгон тараах санхүүгийн чадамжтай эсэх асуултыг дагуулж байна гэж АН-ынхан онцолсон.
Мөн хэлэлцээр, гэрээгээр Монгол Улс 2035 оноос ногдол ашиг хүртэж эхлэхээр тусгагдсан байхад одоо ногдол ашиг авах асуудал яригдаж байгаа нь ирээдүйд дарамт үүсгэх эсэхийг тодруулах шаардлагатай гэж тэд үзэж байна. Энэ талаар Засгийн газраас тодорхой хариулт өгөхгүй байгаа бөгөөд Сангийн яамнаас "хэлэлцээр хараахан дуусаагүй, урьдчилсан байдлаар тохиролцсон" гэсэн аман тайлбар өгсөн гэнэ.
"Байгалийн баялгийн орлого зөвхөн өнөөдрийн Засгийн газрын зарцуулах мөнгө биш"
УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэн хэлэхдээ: "Засгийн газар ирээдүйн орлогоосоо урьдчилан авч, өнөөдрийн төсвийн дутагдлаа нөхөх гэж байгааг буруу гэж үзэж байна. Байгалийн баялгийн орлого бол зөвхөн өнөөдрийн Засгийн газрын зарцуулах мөнгө биш, ирээдүйд хуримтлал үүсгэж, эдийн засгаа хөгжүүлэхэд зориулагдах ёстой орлого. Гэтэл төсвийн төсөлд үүнээс 2 их наядыг зарцуулж, 1 их наядыг Баялгийн санд хуваарилахаар тусгасан байна.
Хамгийн ноцтой нь Баялгийн санд 1 их наяд төгрөгийг орлого болгон тусгасан мөртлөө 2027 оны зарлагыг яг юунд зарцуулахаа тодорхойгүй, далд хэлбэрээр оруулсан явдал. Засгийн газар ирэх сонгуулиудыг угтаж бэлэн мөнгө тараахаар төлөвлөж байна уу гэж хардаж байна" гэв.