Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн урилгаар Герман Улсад төрийн айлчлал хийж байна. Ерөнхийлөгч аравдугаар сарын 19-нд Берлин хотод хүрэлцэн ирсэн бөгөөд айлчлал 22-ныг хүртэл үргэлжилнэ.
Монгол Улсын төрийн тэргүүн Герман Улсад 14 жилийн дараа төрийн айлчлал хийж байна. Энэ айлчлал Монгол, Германы боловсролын салбарын хамтын ажиллагааны 100 жилийн ойтой давхцаж байгаа юм.
Айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч албан ёсны хэлэлцээ хийнэ. Тэд худалдаа, эдийн засаг, боловсрол, шинжлэх ухаан, соёлын салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар ярилцана. Мөн Монгол Улс, ХБНГУ-ын хооронд Хамтарсан тунхаглал байгуулж, стратегийн түншлэлийг бэхжүүлэх тэргүүлэх чиглэлүүдийг тогтооно. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Холбооны Канцлер Фридрих Мерцтэй ч уулзахаар төлөвлөжээ.
Хоёр улсын төрийн тэргүүн Берлин хотноо гаргах "Чингис хаан ба Монголчуудын ертөнц" үзэсгэлэнгийн нээлтэд хамтдаа оролцоно.
ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр хоёр улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан 2024 онд Монгол Улсад төрийн айлчлал хийсэн. Тэр үеэр хоёр улсын харилцааг "Иж бүрэн түншлэл"-ээс "Стратегийн түншлэл"-ийн түвшинд ахиулсан юм.
Дараагийн зогсоол: Финланд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Германд хийх айлчлалынхаа дараа аравдугаар сарын 22–24-нд Финланд Улсад төрийн айлчлал хийнэ. Финландын Ерөнхийлөгч Александр Стуббтай уулзаж, эрчим хүч, соёл, боловсрол, геологийн чиглэлээр 10 орчим хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөжээ.
Эх сурвалж: Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар