Үндсэн хуулийн цэц, Хүний эрхийн Үндэсний Комисс, “Чимид сан” хамтран доктор, профессор Б.Чимидийн “Үндсэн хуулийн үзэл баримтлал дахь хүний эрх” номын уншлагыг 2026 оны 10-р сарын 20-нд зохион байгуулж, 80 гаруй хүн оролцлоо.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн санаачилгаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, “Чимид сан” хамтран Б.Чимидийн “Үндсэн хуулийн үзэл баримтлал дахь хүний эрх” номын уншлагыг өнөөдөр зохион байгууллаа. Бяраагийн Чимид бол Монгол Улсын ардчилсан Үндсэн хуулийн эхийг баригч, Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, доктор, профессор, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн юм.
Энэхүү арга хэмжээ нь Б.Чимидийн эрдэм судлалын өвийг түгээн дэлгэрүүлэх, хүний эрх, эрх чөлөөний талаарх Үндсэн хуулийн үзэл баримтлалыг судлан шинжлэх, түүний бүтээлийг эрдэм шинжилгээ, судалгааны эргэлтэд оруулахад чиглэснээрээ онцлог юм.
Номын уншлагыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга асан Г.Баясгалан, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн С.Дондов нар чиглүүлж, дараах үндсэн илтгэлүүдийг хэлэлцүүлэв. Үүнд:
Үндсэн илтгэлүүдтэй холбогдуулан 20 гаруй эрдэмтэн, судлаач санал, дүгнэлтээ танилцуулж, хүний эрх, эрх чөлөөний асуудлаар хэлэлцүүлэг өрнүүллээ.
Номын уншлагад Үндсэн хуулийн цэцийн гишүүд, Улсын Их Хурал, шүүх эрх мэдлийн байгууллага, төрийн болон хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага, их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын төлөөлөл зэрэг 80 гаруй хүн оролцов. Арга хэмжээг Үндсэн хуулийн цэцийн албан ёсны YouTube сувгаар шууд дамжуулсан бөгөөд цахимаар 40 орчим хүн оролцлоо.
Үндсэн хуулийн цэц 2024 онд Б.Чимидийн “Үндсэн хуулийг дээдлэн шүтэх ёс”, 2025 онд “Сонгуульд суралцахуй” бүтээлээр номын уншлага, хэлэлцүүлэг зохион байгуулж байжээ. Энэ удаагийн номын уншлага нь Үндсэн хуулийн үзэл баримтлал дахь хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх ёсны мөн чанарыг эргэцүүлэн тунгаасан оюуны уулзалт болсноороо ач холбогдолтой боллоо.