Хөвсгөлд хамгийн олон дуудлага
Дуудлагын байршлаар авч үзвэл Хөвсгөл аймагт 10, Хэнтийд 2, нийслэлийн Сүхбаатар дүүрэгт 2, Увс болон Завхан аймагт тус бүр 1 дуудлага ирсэн. Орон нутгийн шуурхай баг зургаан дуудлагын дагуу эрэн хайх ажиллагаа явуулсан. Нийслэл болон орон нутагт бүртгэгдсэн дөрвөн дуудлага батлагдаагүй байна.
Улсын хэмжээнд тохиолдол огцом өссөн
Энэ оны эхнээс 11 аймаг болон нийслэлээс баавгай үзэгдсэн 754 мэдээлэл ирсэн. Эдгээрийн 80 хувь нь бамбарууш эсвэл бамбарууш дагуулсан эм баавгайтай холбоотой байна. Улаанбаатарт энэ онд баавгай үзэгдсэн 24 тохиолдол батлагдсан бол 2018 онд ердөө хоёр тохиолдол бүртгэгдэж байжээ.
Эмгэнэлт тохиолдол
Баянзүрх дүүргийн 35-р хорооны 40 настай эрэгтэй баавгайн халдлагад өртөж амиа алдсан. Мөн 55 настай эмэгтэй ГССҮТ-д эмчлүүлсээр байна.
Шалтгаан ба авч буй арга хэмжээ
Яамны мэдээлснээр баавгай идэш тэжээлийн хомсдол, ойн түймэр зэргээс болж суурьшлын бүс рүү орж ирж байна. Хэнтий аймагт агнасан баавгайн ходоодонд хоол хүнс огт байгаагүй нь тогтоогджээ. Найман аймагт 27 агнах зөвшөөрөл олгосон. Хүрэн баавгай Монгол Улсад нэн ховор амьтанд тооцогддог тул хуулийн дагуу зөвшөөрлөөр агнаж байгаа юм. Төв аймагт баавгай зөөвөрлөх тор, тайвшруулах тарилгын хэрэгслийг сумдад хүргүүлжээ.
Иргэдэд өгөх зөвлөмж
Хоол хүнс болон үнэртэй бүтээгдэхүүнээ сайтар битүүмжилж хадгалаарай. Өтгөн ой, ургамалтай газраар ганцаараа явахгүй байхыг зөвлөж байна. Баавгай үзвэл 117 дугаарт яаралтай мэдэгдээрэй.