Нийслэлд хот тохижилтын 48 байгууллагын зам талбайн үйлчлэгч, жолооч, ачигч, инженер техникийн 3200 гаруй ажилтан 647 тусгай зориулалтын машин механизм, 732 бичил төхөөрөмжтэйгээр зам талбайн цасыг цэвэрлэж, бэлэн байдалд ажиллаж байна.
Энэ өвөл 10,300 тонн давс, 10,200 тонн бодисын нөөц бүрдүүлэхээс одоогоор 80 хувь нь хангагдсан. Аравдугаар сарын 23-ны 07:00 цагийн байдлаар халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж 855.5 тонн давс, 422.5 тонн бодис цацаад байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон албаны хүмүүс өнгөрсөн шөнө Хан-Уул, Сүхбаатар дүүргийн халтиргаа гулгаа үүсэх эрсдэлтэй байршлуудад ажиллажээ.
Энэ үеэр Б.Пүрэвдагва “Халтиргаа гулгаанаас сэргийлэх арга хэмжээг цаг алдалгүй авч, давс, бодис, техник, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг урьдчилан хангасан. Өнгөрсөн зун хур тунадас ихтэй байсан. Долоодугаар сарын 8-наас есдүгээр сарын 15-ныг хүртэл 700 ажилтан, 160 орчим техниктэйгээр өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, үерийг эрсдэл багатай давсан. Энэ жишгээр одоо зам талбайн цэвэрлэгээнд 3200 ажилтан, 647 тусгай техник, 732 бичил техник ажиллаж байна. Улирал солигдох үеийн цас эрсдэл ихтэй байдаг тул урьдчилсан төлөвлөгөөний дагуу 24 цагаар бэлэн байдалд ажиллалаа. Өмнө нь зөвхөн авто замд давс, бодис цацдаг байсан бол энэ өвлөөс явган хүний замд цацдаг жижиг техник ашиглана” гэлээ.
Мөн тэрбээр жолооч нарыг өвлийн дугуйгаа солих, аж ахуйн нэгж, үйлчилгээний байгууллагуудыг ойр орчмын 50 метр газраа цэвэрлэх үүргээ биелүүлэхийг уриалав.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга, ерөнхий инженер Л.Алтангэрэл “Хотын гол гудамж, зам, өгсүүр уруу хэсэг, зуслангийн болон гэр хорооллын бүсэд анхаарч цэвэрлэгээг үргэлжлүүлж байна” гэв.
Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс