Эрдэс боловсруулалтын салбарын олон улсын найм дахь бага хурал Эрдэнэт хотод болж, зэс, молибден баяжуулах шинэ технологи, хиймэл оюун ухаанд суурилсан удирдлага, HPGR зэрэг сэдвээр 16 илтгэл хэлэлцэж байна.
Монголын Ашигт малтмал баяжуулагчдын холбооноос хоёр жил тутам зохион байгуулдаг “Эрдэс боловсруулалт-2026” олон улсын эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал 2026 оны 10 дугаар сарын 22, 23-ны өдрүүдэд Эрдэнэт хотод болж байна.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-тай хамтран зохион байгуулж буй найм дахь удаагийн хуралд дотоод, гадаадын эрдэмтэн судлаач, инженер, мэргэжилтнүүд болон уул уурхайн компани, технологи нийлүүлэгч байгууллагуудын төлөөлөл оролцож, эрдэс боловсруулалтын салбарын хөгжлийн чиг хандлага, технологийн шинэ шийдлийг хэлэлцэж байна. Хурлын хүрээнд зэс, молибдены хүдэр баяжуулах технологи, дэвшилтэт тоног төхөөрөмж, хиймэл оюун ухаанд суурилсан технологийн удирдлага, даралтат уусгалт, өндөр даралтын булт нунтаглагч зэрэг үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэх шийдлүүдийг танилцуулж, нийт 16 илтгэл хэлэлцүүлэхээр төлөвлөжээ.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий инженер Т.Батмөнх хурлыг нээж хэлсэн үгэндээ үйлдвэрлэлийн хүчин чадал нэмэгдэхийн хэрээр тулгарч буй технологийн сорилт, цаашдын зорилтуудыг онцоллоо.
Тэрбээр Эрдэнэт үйлдвэр 2024 оноос жилд 40 сая тонн хүдэр боловсруулах зорилт тавьж, түүнийгээ биелүүлэн ажиллаж байгааг тэмдэглэв. Өнөөдөр тус үйлдвэр жилд 40 сая тонн хүдэр боловсруулж, 560 гаруй мянган тонн зэсийн баяжмал, 5,500 орчим тонн молибдены баяжмал үйлдвэрлэж байна. Гэвч уурхайн гүнзгийрэлттэй уялдан хүдэр дэх металлын агуулга буурах, хүдрийн хатуулаг өсөх, эрдсийн ширхэглэл нарийсах зэрэг уул-геологийн өөрчлөлт баяжуулалтын технологид шинэ шаардлага тавьж байгааг тэрбээр дурдлаа.
Ерөнхий инженерийн хэлснээр, өмнөх жилүүдэд үр дүнтэй байсан арга технологийг ирэх хэдэн арван жилд хэвээр ашиглах боломж хязгаарлагдаж болзошгүй тул хүчин чадлыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ технологиа шинэчлэх шаардлагатай байна. Мөн зэсийн баяжмал экспортлогчоос эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч болох зорилгын хүрээнд зэсийн баяжмал хайлуулах, металлурги, химийн үйлдвэр байгуулах болон эрдэс боловсруулалтын технологийг шинэчлэх төслүүдийг үе шаттай хэрэгжүүлж байгааг онцоллоо.
Түүний үзэж буйгаар энэ удаагийн хуралд хэлэлцэх илтгэлүүд нь зөвхөн Эрдэнэт үйлдвэр төдийгүй зэс, молибдены хүдэр боловсруулдаг бусад үйлдвэрийн өмнө тулгарч буй нийтлэг асуудалд шинжлэх ухаан, инженерчлэлийн шийдэл эрэлхийлэх ач холбогдолтой юм. Түүнчлэн залуу судлаач, докторантууд илтгэл хэлэлцүүлж байгаа нь салбарын мэдлэг, туршлагыг дараагийн үед өвлүүлж, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр болно гэж тэрбээр тэмдэглэв.
Монголын Ашигт малтмал баяжуулагчдын холбооны Ерөнхийлөгч Б.Чинзориг дэлхийн зах зээлийн өөрчлөлт, байгаль орчны шаардлага болон ордын геологийн онцлог нь баяжуулалтын технологийг тасралтгүй хөгжүүлэх хэрэгцээг бий болгож байгааг онцоллоо.
Түүний хэлснээр, Монгол Улс ашигт малтмалын дэлхийн зах зээлийн үнийг хүлээн авагч орны хувьд үйлдвэрлэлийн зардал, үр ашиг, технологийн өрсөлдөх чадвараа оновчтой удирдах шаардлагатай. Олон улсад туршигдсан технологийг шууд нэвтрүүлэхээс илүүтэй тухайн ордын геологи, эрдсийн шинж чанарт нийцүүлэн сонгож, инженерчлэлийн шийдлээр сайжруулах нь чухал болж байна. Мөн шинжлэх ухаан, технологийн хөгжилд эцсийн цэг гэж байдаггүй бөгөөд ордын нөхцөл, үйлдвэрлэлийн шаардлага өөрчлөгдөхийн хэрээр шинэ судалгаа, шийдэл байнга шаардагддаг гэдгийг тэрбээр онцлов.
Иймээс холбооны хоёр жил тутмын хурлын зорилго нь олон улсын шинэ технологи, судалгааны үр дүнг цаг алдалгүй танилцуулахын зэрэгцээ Монголын үйлдвэрүүдэд нутагшуулах боломжийг судлахад чиглэдэг аж.
Энэ удаагийн хурал холбоо үүсгэн байгуулагдсан газар болох Эрдэнэт үйлдвэрийн дэргэд, Эрдэнэт хотод зохион байгуулагдаж буйгаараа онцлог юм. Оролцогчид хурлын өмнөх өдөр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон “Эрдмин” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцаж, үйлдвэрлэлийн бодит туршлага, технологийн хэрэгжилтийг газар дээр нь үзжээ.
Холбооны ерөнхийлөгч хурлаас технологийн шинэ шийдэл эрэлхийлэхээс гадна олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ханган нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлэх, дотоодын үйлдвэрлэгчдийн оролцоог нэмэгдүүлэх, гадаадын дэвшилтэт технологийг Монголын нөхцөлд нутагшуулах боломжийг тодорхойлох үр дүн хүлээж байгаагаа илэрхийлэв.
Бага хуралд олон улсын уул уурхай, эрдэм шинжилгээний байгууллагын 30 гаруй төлөөлөгч, 10 гаруй компани болон Монголын уул уурхайн салбарын байгууллагууд оролцож байна. Хурлын үеэр техник, технологийн шинэчлэлээс гадна баяжуулах үйлдвэрүүдийн сайн туршлага, туршилт судалгааны үр дүн, хөдөлмөрийн аюулгүй байдал, хууль эрх зүй, татварын орчин зэрэг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Мөн аж ахуйн нэгжүүд бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж, технологийн шийдлээ үзэсгэлэнгээр танилцуулж байна.
Эрдэс баялгийг зөвхөн олборлох бус, шинжлэх ухааны үндэслэлтэй боловсруулж, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь уул уурхайн салбарын эдийн засгийн өгөөжийг нэмэгдүүлэх гол нөхцөл юм. Тиймээс тус хурал шинэ технологи, судалгааны үр дүнг үйлдвэрлэлтэй холбох, мэргэжилтнүүдийн мэдлэг туршлагыг нэгтгэх, Монголын баяжуулах үйлдвэрүүдийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд чиглэж байна.