Эрдэнэс Тавантолгой ХК 2026 оны эхний 10 сард 28.1 сая тонн нүүрс экспортолжээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 8.9 сая тонн буюу 48.3 хувиар их бөгөөд экспортын орлого 2 тэрбум ам.долларт хүрсэн байна. Монгол Улсын нүүрсний нийт экспорт ч жилийн төлөвлөгөөгөө 11-р сарын эхээр давжээ.
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөж байсан. Арваннэгдүгээр сарын 1-ний байдлаар экспорт 104 сая тоннд хүрээд байгаагийн 28 сая гаруй тонн нь «Эрдэнэс Тавантолгой» компанийнх юм.
Сүүлийн өдрүүдэд нүүрс, зэсийн экспорт саарсан гэх мэдээлэл гарч байгаа ч 2026 оны төлөвлөгөө аль хэдийн биелсэн байна.
Гашуунсухайтаар өнгөрсөн жилийн хэмжээнд хүрэх дөхлөө
Экспортын гол гарц болох Гашуунсухайт боомтоор 2025 онд нийт 40.8 сая тонн нүүрс гарчээ. Харин энэ оны эхний 10 сард 40 сая тонныг давж, өнгөрсөн жилийн хэмжээнд хүрэх дөхөөд байна. Үүний 22.7 сая тонн нь «Эрдэнэс Тавантолгой»-н экспорт аж.
Ханги боомтын ачаалал 7.5 дахин нэмэгдлээ
Компанийн Ханги боомтоор гаргаж буй нүүрсний хэмжээ нэгдүгээр сартай харьцуулахад 7.5 дахин өсч, нийт 5.8 сая тоннд хүрчээ. Энэ боомтын экспорт тогтвортой нэмэгдэж байгаа нь экспортын гарцыг төрөлжүүлж, ганц боомтоос хэт хамаарах эрсдэлийг бууруулах ач холбогдолтой юм.
Төсөвт 1.4 их наяд төгрөг төвлөрүүлжээ
«Эрдэнэс Тавантолгой» ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Чагнаадорж компанийн санхүүгийн үзүүлэлтийг танилцуулав:
«Бид 2026 онд Үндэсний баялгийн санд 480.3 тэрбум төгрөг, төсөвт 1 их наяд төгрөгийн ноогдол ашиг төвлөрүүлнэ. "Эрдэнэс Тавантолгой"-н борлуулалтын орлого 2026 оны эхний есөн сард 1 тэрбум 964 сая ам.доллар буюу 7 их наяд орчим төгрөгт хүрсэн нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 68.1 хувиар их байна. Улс, орон нутгийн төсөвт 1,422.6 тэрбум төгрөг төвлөрүүлж, төлөвлөгөөгөө 132.7 хувиар биелүүлээд байна. Улс, орон нутагт төлсөн татвар, хураамж, төлбөр 2025 оны мөн үеэс 28.4 хувиар өслөө».