Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, төрийн дээд шагнал “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээхээр боллоо. Шагналыг Их эзэн Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой буюу “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан олгож байгаа бөгөөд Судар бичгийн хүрээлэнгээс эхтэй, 100 гаруй жилийн түүхтэй академийн үндэсний шинжлэх ухаанд оруулсан гавьяаг ингэж үнэлж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх маргааш тохиох “Монгол бахархлын өдөр”-ийг угтан зарлиг гаргалаа. Зарлигаар Шинжлэх ухааны академид (ШУА) “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ.
Төрийн тэргүүн ШУА-ийн дараах гавьяаг онцолжээ. Академи монголчуудын эрдэм ухааныг дээдэлж ирсэн түүхэн уламжлалыг орчин цагийн шинжлэх ухааны тогтолцоотой холбон хөгжүүлсэн. Үндэсний эрдэм судлалын чадавхыг төлөвшүүлж, эх хэл, түүх, соёлын өвийг судалж, олон улсад сурталчилсан. Мөн эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан.
Судар бичгийн хүрээлэнгээс академи хүртэл
ШУА-ийн эх суурь нь 1921 онд байгуулагдсан Судар бичгийн хүрээлэн юм. Хүрээлэн дараах нэрээр эрдэм судлалын ажлыг удирдан зохион байгуулж ирсэн:
| Он | Нэр |
|---|---|
| 1921 | Судар бичгийн хүрээлэн |
| 1931 | Шинжлэх ухааны хүрээлэн |
| 1957 | Шинжлэх ухаан, дээд боловсролын хүрээлэн |
| 1961 | БНМАУ-ын Шинжлэх ухааны академи |
| 1992 оноос | Монгол Улсын Шинжлэх ухааны академи |
Академи байгуулагдсанаар түүх, хэл бичиг, утга зохиол, эдийн засаг, байгалийн ухааны судалгаа өргөжсөн. Байгаль, техникийн ухааны хүрээлэнгүүд байгуулагдаж, хөдөө аж ахуй, анагаах ухааны судалгааны чадавх бэхжсэн. Үүнээс гадна үндэсний судлаачдыг бэлтгэж, олон улсын хамтарсан судалгааг тогтмол хийх суурийг тавьжээ.
Түүх, археологийн томоохон нээлтүүд
ШУА-ийн эрдэмтэд Монгол нутагт 800 мянган жилийн өмнө эртний хүн амьдарч эхэлсэн болохыг тогтоосон. Мөн монгол угсаатан Хүрэл зэвсгийн хожуу үед бүрэлдсэн, нүүдэлчдийн амьтны загварт урлаг Монголоос үүсэлтэй болохыг баримтаар нотолжээ.
Хүннү, Жужан, Уйгар, Түрэгийн хаант улсын үеийн хот балгад, Чингис хааны анхны нийслэл Аураг балгас, Эзэнт гүрний нийслэл Хархорумын судалгааг академи шинэ шатанд гаргасан. Түүх, соёлын 100 гаруй мянган дурсгалт газрын мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлж, дурсгалт газруудыг ЮНЕСКО-гийн Дэлхийн соёлын өвийн жагсаалтад бүртгүүлжээ. ШУА Олон улсын монголч эрдэмтдийн их хурлыг тогтмол зохион байгуулдаг нь Монгол Улсыг монгол судлалын олон улсын хамтын ажиллагааны тулгуур төв болгоход нөлөөлсөн.
Палеонтологи, байгалийн ухаан, физик
Эртний тэнгис, нуур болон эх газрын хурдас чулуулгаас амьтан, ургамлын олдворыг илрүүлж, жишиг цуглуулгын сан бүрдүүлснээр Монголын палеонтологийн судалгаа дэлхийд дээгүүр байранд үнэлэгдэх болжээ.
Байгалийн ухааны салбарын үр дүнгээс:
Физикийн салбарт эгэл уртын бага масштаб дахь огторгуйн геометр бүтэц “стохастик ба квант шинж чанартай” гэсэн таамаглал дэвшүүлж, классик ба квант орны онол боловсруулсан нь шинэ судалгааны чиглэл болжээ.
Академи сансар судлалд ч түүхэн хувь нэмэр оруулсан. Монгол Улс 1970-аад оны эхээр “Интеркосмос”, “Интерспутник” байгууллагад элссэнээр сансар судлалын эхлэл тавигдсан бөгөөд 1981 онд монгол хүн сансарт нисэхэд ШУА-ийн гавьяа их юм.
Өнөөгийн чадавх
ШУА өдгөө 16 эрдэм шинжилгээний хүрээлэнтэй. Тэнд 50 гаруй шинжлэх ухааны доктор, докторын зэрэгтэй 280 гаруй эрдэмтэн ажилладаг. Тэд олон улсын өндөр зэрэглэлийн сэтгүүлд 3,800 гаруй өгүүлэл хэвлүүлсэн бөгөөд эдгээрээс 90 гаруй мянган эшлэл хийгджээ. Академи 35 улсын 150 гаруй академи, эрдэм шинжилгээний байгууллагатай хамтран ажилладаг.
Өмнө нь хэн хүртсэн бэ?
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг 2005 оноос хойш дараах хүмүүс, байгууллага хүртсэн байна:
Энэ одонг Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх, төрт ёс, түүх, соёлын уламжлалаа судалж хойч үедээ өвлүүлэх үйлсэд онцгой гавьяа байгуулсан хамт олон, иргэн, хуулийн этгээдэд олгодог. Мөн дэлхий дахинд Монгол Улсын нэр хүндийг өргөхөд бодитой хувь нэмэр оруулсан гадаадын төр, нийгмийн зүтгэлтэн, иргэнийг шагнадаг.
