Хүннү хотын нутаг дэвсгэрийг үер, уснаас хамгаалах дөрвөн суваг барих төслийн хүрээнд “Хангилцаг” ХХК-ийн барьсан дөрөвдүгээр сувгийг улсын комисс хүлээн авч, байнгын ашиглалтад орууллаа. 6.3 км орчим урт далан, суваг бүхий нэгдүгээр сувгийг энэ оны арванхоёрдугаар сард хүлээлгэн өгнө.
15 сайр, гуу жалгын урсцыг зохицуулна
Усны барилга байгууламжийн судалгаагаар Хүннү хотын нутаг дэвсгэрт томоохон 15 сайр, гуу жалга байгаа нь тогтоогджээ. Эдгээрийн усны урсцыг зохицуулж, үерийн эрсдэлийг бууруулахын тулд дөрвөн үндсэн чиглэлд үерийн хамгаалалтын суваг барих зураг төслийг боловсруулж, барилгын ажлыг үе шаттай хийж байна.
“Хүннү хотын хөгжлийн корпорац” ХХК-ийн барилгын инженер Н.Ууганбаяр “Эхний ээлжид дөрөвдүгээр сувгийг ашиглалтад оруулаад байна” гэв.
Нэгдүгээр суваг 90 гаруй хувьтай
Нэгдүгээр сувгийг “Комфорт-Импэкс” ХХК барьж байгаа бөгөөд нийт 6.3 км орчим урт үерийн хамгаалалтын далан, суваг барьсан байна. Ажлын гүйцэтгэл 90 гаруй хувьтай бөгөөд 2026 оны арванхоёрдугаар сард хүлээлгэн өгөхөөр бэлтгэж байгааг инженер Н.Ууганбаяр хэлсэн.
Нисэх буудлыг ч хамгаална
Үерийн хамгаалалтын сувгууд ашиглалтад орсноор Хүннү хотын нутаг дэвсгэр болон “Чингис хаан” олон улсын нисэх буудлыг үер, уснаас хамгаалж, бороо хурын усыг зохистой урсгалаар зайлуулах боломж бүрдэнэ. Энэ нь хотын инженерийн дэд бүтэц найдвартай ажиллах, иргэдийн аюулгүй байдлыг хангах, хот байгуулалт тогтвортой хөгжихөд чухал ач холбогдолтой юм.


Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс