Өргөдлийг иргэн Х.Оюунбилэг санаачилж, 10-р сарын 23-нд цахим өргөдлийн системд байршуулснаас хойш арав орчим хоногийн дотор 100,475 иргэн дэмжиж гарын үсэг зурсан ажээ. Дэмжигчдийн тоо 100 мянгаас давсны дараа өргөдлийг холбогдох байнгын хороодод шилжүүлсэн. Уг асуудлыг анх 11-р сарын 11-нд хэлэлцэхээр товлож байсан юм.
"Оюу Толгой" ХХК болон Рио Тинтогийн Зэсийн групп 2027 онд хувьцаа эзэмшигчдэд эзэмшилийн хувьдаа нийцсэн ногдол ашиг олгох тухайгаа 11-р сарын 9-ний огноотой албан захидлаар мэдэгдсэн. Захидлыг "Оюу Толгой" ХХК-ийн захирал С.Мөнхсүх, Рио Тинтогийн Зэсийн группийн Монгол дахь захирал Б.Дуламсүрэн нар гарын үсэг зурж илгээснийг Сангийн сайд З.Мэндсайхан Засгийн газрын хуралд танилцуулсан.
Засгийн газар 2027 онд Оюу Толгойгоос татвар, ашиглалтын төлбөр зэргээс гадна ойролцоогоор 3 их наяд төгрөгийн ногдол ашиг авна гэж тооцож байна. 2027 оны төсвийн төсөлд энэ мөнгөнөөс 2 их наядыг эрчим хүч, боловсролд, 1 их наядыг Үндэсний баялгийн санд тусгасан ажээ.
Засгийн газар Оюу Толгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах тухай хуулийн төслөө 10-р сарын 23-нд татаж авахаар шийдвэрлэсэн. Төслөөр 1 их наядыг Хуримтлалын санд, 2 их наядыг эрчим хүч, боловсролын төсөлд зарцуулахаар тусгаж байсан.
Сангийн сайд З.Мэндсайханы хэлснээр шийдвэрт иргэдийн санал асуулгын дүн нөлөөлсөн. E-Mongolia системээр 14 хоногийн дотор 96.6 мянган иргэн саналаа өгч, тэднээс 56 мянга орчим нь ногдол ашгийг ирээдүйн боловсрол, эрүүл мэнд, орон сууцны зээлд зориулан Хуримтлалын санд хуримтлуулахыг, 40 мянга орчим нь эрчим хүчний дэд бүтэцд зарцуулахыг дэмжсэн ажээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Оюутолгойн ногдол ашгийг дансандаа авъя гэсэн иргэдийн саналыг хүндэтгэх хэрэгтэй" гэж мэдэгдсэн бөгөөд ногдол ашиг орж ирмэгц иргэн бүрийн дансанд хуваарилах байр суурьтай байгаа.
Харин Ерөнхий сайд Н.Учрал УИХ-ын чуулганы танхимд ногдол ашгийг бэлэн мөнгөөр тараавал "талх 10 мянган төгрөгт хүрнэ" гэж инфляцын эрсдэлийг анхааруулсан. Ийм ч тэрээр УИХ хууль өөрчилж бэлэнээр олгохоор шийдвэл Засгийн газар хэрэгжүүлэх үүрэгтэй гэж мэдэгдсэн. Аравдугаар сарын инфляц 13.4 хувьд хүрч, оны хамгийн өндөр түвшиндээ хүрсэн байна.
УИХ-ын дарга С.Бямбацогт 11-р сарын 5-ны чуулганы хуралдааны нээлтэд уг өргөдлийг хуулийн дагуу хэлэлцэх ёстойг дурдаад "Байгалийн баялгийн эзэн нь ард түмэн юм бол өгөөжийн эзэн нь ч ард түмэн байх ёстой" гэж хэлсэн.
Оюу Толгойн хөрөнгө оруулалтын гэрээг 2009 онд баталсан. Ногдол ашгийг анх 2037 онд авахаар тооцож байсан ч хугацааг 10 жилээр урагшуулснаар Монгол Улс анхны ногдол ашгаа 17 жилийн дараа авах гэж байгаа юм. Маргаашийн хуралдаанаар байнгын хороод иргэдийн өргөдлийн дагуу хууль боловсруулах эсэхээ хэлэлцэнэ.