Дэлхийн томоохон зэс үйлдвэрлэгчдийн нэг АНУ-ын Freeport-McMoRan компани Канадын Британи Колумби мужийн Toodoggone бүсийн Aurora West зэс-алтны талбайн 51%-ийг TDG Gold-оос 110 сая канад доллараар (The Northern Miner-ийн тооцоогоор ойролцоогоор 77.2 сая ам.доллар) бэлнээр худалдан авахаар тохиролцлоо. Хэлцлээр Freeport цаашдаа хувиа 75% хүртэл нэмэгдүүлэх эрх авч байна.
TDG Gold-ийн 11-р сарын 12-ны албан мэдээллээр хаалтын өмнө TDG Aurora West-ийн эрхүүдээ хоёр шинэ компанид шилжүүлнэ. Хоёр тодорхой лицензийг ClaimsCo, үлдсэн талбайг Aurora West JVCo эзэмших бөгөөд Freeport хоёуланд нь 51%, TDG 49% хувьтай болно.
Freeport дараагийн шатанд хоёр түвшинд хувиа нэмэгдүүлэх сонголттой:
Хаалтаас хойш гурван жилд дор хаяж 30 сая, үүнээс эхний хоёр жилд 15 сая канад долларыг хайгуулд зарцуулах үүрэгтэй. Сонголтоо хэрэгжүүлбэл TDG-д Aurora West JVCo-ийн 25% болон ClaimsCo-ийн хоёр лицензийн 2%-ийн хайлуургын цэвэр орлогын рояалти (NSR) үлдэнэ.
Shasta болон Baker талбай хэлцэлд ороогүй бөгөөд TDG хувьцаа гаргахгүйгээр санхүүгээ бэхжүүлж, Shasta төслийг урагшлуулахад орлогоо зарцуулна. TDG-ийн гүйцэтгэх захирал Флетчер Морган "Энэ хэлцэл үнэ цэнийг нэмэгдүүлэх хайгуулыг системтэйгээр хийх манай стратегийг баталгаажуулж байна" гэж мэдэгдсэн.
Хэлцэл TSX Venture биржийн зөвшөөрөл шаардах бөгөөд Канадын Хөрөнгө оруулалтын тухай хуулиар зөвшөөрөл авах шаардлага гарч болзошгүй. TDG бүтцийн өөрчлөлтөө 12-р сард хийж, нөхцөл хангагдсанаас хойш таван ажлын өдрийн дотор хэлцлийг хаахаар төлөвлөжээ. Хувьцаа эзэмшигчдийн зөвшөөрөл шаардлагагүй гэж үзэж байна.
The Northern Miner-ийн мэдээлснээр TDG-ийн хувьцаа баасан гарагт 7 орчим хувиар унаж, 66 центийн түвшинд хүрсэн.
Freeport хөрш зэргэлдээх Aurora зэс-алтны илрэлтийг Amarc Resources-тай хамтран эзэмшдэг Aurora Minerals компанийн 60%-ийг эзэмшиж, шаталсан санхүүжилтээр нэмж 10% авахаар ажиллаж байгаа. Шинэ хэлцлээр тэр илрэлтийн хөрш талбайг ч хяналтдаа авч байна. Amarc тус талбайн 2 км-ийн доторх худалдан авалтад оролцох эрхтэй ажээ.