Чилийн Засгийн газар төрийн өмчит зэсийн компани Codelco-гийн ордыг ашиглах, дэд бүтэц, боловсруулах үйлдвэрт хувийн компаниудыг оролцуулах боломжийг судалж байгааг Эдийн засаг, уул уурхайн давхар сайд Даниель Мас Bloomberg-д 11-р сарын 13-нд өгсөн ярилцлагадаа мэдэгдлээ. Одоогоор Codelco хувийн компаниудтай голчлон хайгуулын чиглэлээр хамтран ажилладаг.
"Бид хувийн түншлэгч хайх ёстой. Хамгийн ойлгомжтой нь тэд хайгуулд оролцох. Гэхдээ нөгөө нь олборлолт" гэж Мас хэлсэн байна. Түүний хэлснээр Засгийн газар одоогоор зөвхөн Codelco-д хадгалагдсан ордуудад хувийн хэвшлийг оруулахын тулд хууль өөрчлөх боломжийг судалж байгаа бөгөөд зарим ордыг бусдаасаа хялбар нээж болно.
Мас Gabriela Mistral зэрэг ажиллаж буй уурхайд хувийн хөрөнгө оруулахыг үгүйсгээгүй: "Бид боломжтой бүх салбарт хувийн хөрөнгийг авч үзэж байна." Засгийн газар бусад уул уурхайн компаниудтай хамтарсан байгууламж, дэд бүтцийг хуваан ашиглаж зардлаа бууруулах хувилбарыг ч судалж байгаа ажээ.
Харин Codelco төрийн өмчид хэвээр үлдэж, цөөнх хувьцаа эзэмшигч оруулах асуудал одоогоор яриагдаагүй гэж тэр тодотгосон. Түншлэлийн тодорхой механизм хараахан тогтоогдоогүй: бүтцийг Codelco өөрөө боловсруулж, Засгийн газар хувьцаа эзэмшигчийн хувьд өрийн хязгаар, ашигт ажиллагаа, аюулгүй байдлын шалгуурыг тогтооно. Codelco гадаад дахь хувь эзэмшил, боомтын хөрөнгө оруулалт зэрэг стратегийн бус хөрөнгөө зарах боломжийг ч судалж байна.
Codelco үйлдвэрлэлийн уналт, төслийн хоцролт, хүдрийн агуулгын бууралттай нүүр тулж байгаа бөгөөд дээд хэмжээнд хүрсэн өр нь төсөл санхүүжүүлэх чадварыг нь хязгаарлаж байна. Компани 2024, 2025 онд тайлагнасан үйлдвэрлэлийн тоог хиймэлээр өсгөсөн зөрчил илэрснийг хүлээн зөвшөөрч, холбогдох менежерүүдийг ажлаас нь чөлөөлж, асуудлыг прокурорт шилжүүлсэн.
Масын хэлснээр Засгийн газрын нэн тэргүүний зорилт нь үйл ажиллагааг тогтворжуулах, санхүүг эрүүлжүүлэх, өрийг цааш өсгөхгүй байх юм. Сангийн сайд Хорхе Кирос өмнө нь Codelco-д шууд хувийн хөрөнгө оруулах боломжийг үгүйсгээгүй нь улс төрийн зүүн жигүүрийнхэн, үйлдвэрчний эвлэлүүдийн шүүмжлэлийг дагуулсан. Ерөнхийлөгч Хосе Антонио Кастын Засгийн газарт хувьчлалын асуудал хурцадсаар байгаа ажээ.
Мас удахгүй Вьетнам, Хятад, Япон улсад айлчилж, чухал эрдсийн асуудлыг голлон хэлэлцэхээр төлөвлөжээ.
Монголд ч төрийн өмчит зэсийн салбарт гадны хөрөнгө оруулагч татах асуудал яригдаж байна. "Эрдэнэт үйлдвэр"-ийг түшиглэн байгуулах зэс хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэрийн хөрөнгө оруулагч, түншлэгчээр Хятадын NFC компанийг сонгосон бөгөөд гэрээний төслийг удахгүй Засгийн газраар хэлэлцүүлэхээр байна.