Овоот толгойн уурхайг ажиллуулдаг "Саутговь Ресурсес" 2026 оны гуравдугаар улиралд 47.9 сая ам.долларын үйл ажиллагааны ашиг оллоо. Өмнөх оны мөн үед энэ дүн 1.1 сая доллар байсан. Нүүрсний тонн тутмын дундаж үнэ 49 доллараас 72.9 доллар болж өссөн нь ашгийн гол хөдөлгөгч болжээ.
Хонконг (HKEX: 1878), Канадын (TSX-V: SGQ) хөрөнгийн биржид бүртгэлтэй тус компани 11 дүгээр сарын 13-нд улирлын тайлангаа нийтэлсэн. Тайлангаар гуравдугаар улирлын борлуулалтын орлого 238.2 сая доллар болсон нь өмнөх оны мөн үеийн 148.8 сая доллараас 60 орчим хувиар их байна. Улиралд 3.3 сая тонн нүүрс борлуулсан нь өмнөх оныхоос 0.3 сая тонноор их.
Үнийн өсөлтөд бүтээгдэхүүний бүтэц нөлөөлжээ. Улирлын борлуулалтын 49 орчим хувийг дээд зэрэглэлийн хагас зөөлөн коксжих нүүрс, 24 хувийг стандарт хагас зөөлөн коксжих нүүрс, 19 хувийг дээд зэргийн эрчим хүчний нүүрс эзэлсэн байна.
Эхний есөн сарын дүнгээр компани 619.2 сая долларын орлого олж, 9.9 сая тонн нүүрс борлуулжээ. Үйл ажиллагааны ашиг 66.6 сая доллар болсон нь өмнөх оны мөн үеийн 28.9 сая долларын алдагдлаас эрс эргэлт юм.
Санхүүгийн дарамт арилаагүй
Ашигт ажилласан хэдий ч компанийн санхүүгийн байдал хүнд хэвээр байна. Тайланд 208.3 сая долларын хөрөнгийн дутагдал, 322.3 сая долларын эргэлтийн хөрөнгийн дутагдал байгааг дурджээ. Мөн компани тасралтгүй үйл ажиллагаа явуулах чадварт эргэлзээ байгааг анхааруулсан байна.
Хамгийн том хувьцаа эзэмшигч JDZF санд төлөх хойшлуулсан төлбөрийн үлдэгдэл 123.5 сая доллар байна. Төлөх хугацааг 2027 оны 8 дугаар сарын 31 хүртэл сунгах эсэхийг хувьцаа эзэмшигчдийн 12 дугаар сарын 17-нд болох хурлаар шийднэ.
Татварын ерөнхий газар 10 дугаар сарын 23-нд охин компани "Саутговь Сэндс" ХХК-д 2022–2023 оны үйл ажиллагаатай холбоотойгоор 7.1 сая орчим долларын торгууль ногдуулжээ. Компани энэ шийдвэрийг давж заалдахгүй байхаар шийдсэн байна.
Овоот толгой, Сүмбэрийн ордын тусгай зөвшөөрлүүд стратегийн ач холбогдолтой ордод багтдаг. Иймээс төрийн эзэмшлийн хэмжээ, эсвэл түүнийг орлох төлбөрийн талаарх хэлэлцээ 2025 оноос хойш үргэлжилж байгаа ч үр дүн нь одоогоор тодорхойгүй байна.