Тавантолгойн XXXIII талбайд нүүрсний давхаргын метан хийн төсөл хэрэгжүүлэх "Метан газ ресурс" ХХК-ийн орд ашиглах төлөвлөгөө батлагдлаа. Компани 2027–2029 онд 40 олборлолтын цооног өрөмдөж, хийг шингэрүүлсэн байдлаар (LNG) зах зээлд нийлүүлнэ. Төслийн эхний шатны хөрөнгө оруулалтыг урьдчилсан байдлаар 1.1 тэрбум австрали доллар гэж тооцжээ.
Төсөл Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт, Тавантолгойн XXXIII талбайн Улааннуур хэсэгт хэрэгжинэ. Орд ашиглах төлөвлөгөөг Ашигт малтмалын мэргэжлийн зөвлөлийн Газрын тосны туслах зөвлөл хэлэлцсэн байна.
Монголын анхны батлагдсан хийн нөөц
Ашигт малтмалын мэргэжлийн зөвлөл 2026 оны 6-р сард тус талбайн хийн нөөцийг баталж, бүртгэсэн. Энэ нь Монголд анх удаа батлагдсан байгалийн хийн нөөц юм. Нөөцийн тооцоо 60 км² талбайтай Улааннуур хэсгийн 4.2 км²-ийг буюу 7 орчим хувийг л хамарчээ. Тооцоог IIIb нүүрсний давхаргаар хийсэн. Jade Gas-ийн мэдээллээр олборлох боломжтой хийн нөөц дараах хэмжээтэй байна:
Хөрөнгө оруулалт ба цооногууд
Jade Gas 2026 оны 7-р сарын 20-нд Хятадын PT Beijing Energy Linking тэргүүтэй консорциумтай хамтын ажиллагааны гэрээ байгуулжээ. Гэрээгээр төслийн эхний шатны 1.1 тэрбум австрали доллар (762–771 сая ам.доллар) хөрөнгө оруулалтыг консорциум бүрэн санхүүжүүлэхээр тохирсон. PetroChina болон Hunan Geology & Mining Technology компаниуд туслан гүйцэтгэгчээр оролцоно. Гэхдээ энэ нь заавал биелүүлэх хүчин төгөлдөр гэрээ биш бөгөөд эцсийн гэрээг хараахан байгуулаагүй байна.
Эхний шатанд 175 цооног өрөмдөхөөр төлөвлөжээ. Үүний дотор 215 сая австрали долларын өртөгтэй, үе шаттайгаар өргөтгөх боломжтой хий шингэрүүлэх үйлдвэр барина. Энэ үйлдвэр эхний 40 орчим цооногийн хийг шингэрүүлэн борлуулах зориулалттай. Өрөмдлөгийн машинуудыг 2027 оны 2–3-р сард талбайд хүргэхээр төлөвлөжээ.
Компанийн төлөвлөгөөгөөр бүх талбайг ашиглахад 800 орчим цооног шаардлагатай бөгөөд төслийн ашиглалтын хугацаа 30-аас дээш жил байна. Эхний шатны шингэрүүлсэн хийг юуны өмнө дотоодын тээврийн салбарт, цаашлаад уул уурхай, аж үйлдвэрийн хэрэглэгчдэд нийлүүлэхээр төлөвлөжээ. Олборлолтын тусгай зөвшөөрөл 502 км² талбайг хамрахаар зохицуулагч байгууллагатай тохирсон байна. Энэ нь одоогийн 629 км² хайгуулын талбайн 80 орчим хувь юм.
Харин хоногийн болон жилийн хий олборлох хүчин чадал, шингэрүүлсэн хийн жилийн гарцыг компани болон зохицуулагч байгууллага одоогоор зарлаагүй байна.