Оюу Толгойн ордын бүлгийн өндөр агуулгатай хэсгийг хамардаг Шивээ Толгой, Жавхлантын тусгай зөвшөөрлийг шилжүүлэх асуудал болон Entrée-тэй хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах хэлэлцээ гацаанд орсонуу. Энэ хооронд компани 11 дүгээр сарын 14-нд хувьцаа гаргаж, 36.2 сая канад доллар босгосон байна.
Засгийн газар Entrée-тэй шинэ хөрөнгө оруулалтын гэрээ хэлэлцэхээ жил гаруйн өмнө зарласан. Гэвч хэлэлцээ одоог хүртэл үр дүнд хүрээгүй байна.
Хоёр ордын асуудал сүүлийн хоёр жилд хэд хэдэн шийдвэрээр дамжсан. Засгийн газар 2025 оны 4 дүгээр сарын 9-ний 170 дугаар тогтоолоор Жавхлант, Шивээ Толгойг стратегийн ач холбогдолтой ордод тооцсон. Үүний дараа УИХ-ын түр хороо 2025 оны 7 дугаар сард байгуулагдаж, 12 дугаар сарын эхээр нээлттэй сонсгол хийсэн. УИХ 12 дугаар сарын 26-нд тогтоол баталж, Entrée-тэй хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахыг Засгийн газарт үүрэг болгожээ.
Рио Тинто энэ оны 7 дугаар сарын 29-ний тайландаа Монголын Засгийн газар Panel 1-ийн тусгай зөвшөөрлийг 2026 оны эхний хагаст шилжүүлж эхлүүлэхээр тохирсон гэж бичсэн байдаг. Рио Тинто, Entrée хоёрын 80/20 хувийн хамтарсан үйлдвэрийн гэрээ 2025 оны 2 дугаар сарын 3-нд эцэслэгдсэн.
Гацааны гол шалтгааны нэг нь татварын маргаан юм. Entrée 2025 оны гуравдугаар улиралд татварын тооцооллоор Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Компани 2026 оны хоёрдугаар улиралд шилжүүлгийн татвараа төлж, 6 дугаар сарын 18-нд татварын албанд баримтаа дахин хүргүүлсэн. Харин татварын алба 6 дугаар сарын 26-нд татварын тодорхойлолт олгоогүй бөгөөд баримт дутуу гэж хүсэлтийг буцаажээ.
Entrée энэ оны 3 дугаар сарын 25-нд өөр санал тавьсан. Түүний дагуу төр 34 хувийн хувь эзэмших эрхээсээ татгалзаж, оронд нь баяжмалын борлуулалтаас рояалти авна. Энэ хувилбар Монголд эдийн засгийн хувьд ашиггүй болох магдлалтай байна.
Компанийн хувьд лицензийн шилжүүлэг нэн тэргүүний асуудал хэвээр байна. Entrée 2026 оны хоёрдугаар улирлын тайландаа лиценз шилжүүлэхийг Lift 1, Panel 1-ийг хөгжүүлэх «ойрын хугацааны гол тэргүүлэх зорилт» гэж нэрлэсэн. Компанийн шинэ ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал Крис Адамс болон санхүүгийн захирал Дуэйн Ло нар 9 дүгээр сарын эхээр Монголд ажилласан юм.
Санхүүжилтийн хувьд Entrée 10 дугаар сарын 20-нд 31.9 сая канад долларын хувийн хөрөнгө оруулалт татахаа зарласан. Энэ нь хувьцаа тус бүрийг 2.90 канад доллараар үнэлж, 11 сая хүртэлх хувьцаа гаргах төлөвлөгөө байв. 11 дүгээр сарын 14 гэхэд захиалга төлөвлөснөөс давж, компани 36.2 сая канад доллар босгожээ. Тэргүүлэх хөрөнгө оруулагч нь Tether-ийн охин компани. Крис Адамсын хэлснээр энэ хөрөнгийг лиценз шилжүүлэх, Засгийн газартай хэлэлцээ хийх, 2027 оны техникийн тайлан бэлтгэхэд зарцуулна.
Ордын одоогийн техникийн тайлан 2021 онд NI 43-101 стандартын дагуу гарсан. Тэр тайланд зэсийн үнийг фунт тутамд 3.25 ам.доллар, алтны үнийг унц тутамд 1,591 ам.доллар гэж тооцсон. Шинэчилсэн тайлан 2027 оны эхний улиралд гарах төлөвтэй байна.