Аймгуудын өрсөлдөх чадварын 2026 оны үнэлгээгээр Дархан-Уул аймаг 21 аймгаас тэргүүлж, Дорноговь, Орхон удаалсан бол Говь-Алтай, Булган аймаг хамгийн сүүлд жагсав.
Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв "Монгол Улс: Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан-2026"-г танилцууллаа. 2023 оны судалгаанд гуравдугаар байрт орж байсан Дархан-Уул энэ удаа ерөнхий үнэлгээ болон бизнесийн үр ашгийн тулгуураар 100 оноо авч, нэгдүгээр байранд гарчээ. Эхний дөрвөн байрт жагссан аймгууд 2023 оныхтой ижил байна.
Тайланд аймгуудыг эдийн засгийн чадавх, засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг, дэд бүтэц гэсэн дөрвөн тулгуураар харьцуулсан.
Үнэлгээнд 115 шалгуур үзүүлэлт ашиглаж, албан ёсны статистик мэдээлэл болон 21 аймгийн бизнес эрхлэгчдийн дунд явуулсан санал асуулгын дүнг нэгтгэжээ.
Тулгуур тус бүрийн тэргүүлэгчид
Дөрвөн тулгуурын дундаж оноо бүгд буурав
Тайлангийн хамгийн анхаарал татах дүн бол бүх аймгийн өрсөлдөх чадвар ерөнхийдөө суларсан явдал. Дөрвөн тулгуурын дундаж оноо бүгд өмнөх судалгаатай харьцуулахад буурсан бөгөөд хамгийн их уналт эдийн засгийн чадавхын тулгуурт (11.4 оноо), харьцангуй бага уналт засаглалын үр ашгийн тулгуурт (6.9 оноо) гарчээ.
21 аймгаас ердөө тав нь ерөнхий оноогоо нэмэгдүүлж, 16 аймгийн оноо буурсан байна.
Уул уурхайн бүс болох Өмнөговь эдийн засгийн чадавхаар тэргүүлсэн ч ерөнхий жагсаалтын эхний гуравт ороогүй нь өрсөлдөх чадварыг зөвхөн эдийн засгийн хэмжээ бус засаглал, бизнесийн орчин, дэд бүтэц хамтдаа тодорхойлдогийг харуулж байна.