C.Сэтгүүлч
Ангилал
Хэзээ
11 цагийн өмнө
Үсгийн хэмжээ
Уурхайн тоосжилтыг эх үүсвэр дээр нь бууруулахыг салбарынхан уриалав
11 цагийн өмнө
C.Сэтгүүлч
Уурхайн тоосжилтыг эх үүсвэр дээр нь бууруулахыг салбарынхан уриалав
Тоосжилт уурхайчдын эрүүл мэндэд төдийгүй ойр орчмын иргэд, мал амьтан, байгаль орчинд хор хөнөөл учруулдаг.

11 дүгээр сарын 11-нд «Тоосыг бүү тогтоо» зөвлөгөөн болж, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам тоосжилтыг эх үүсвэр дээр нь бууруулах технологийг дэмжиж, мэргэжлээс шалтгаалсан өвчнийг эрт илрүүлэх бодлого баримталж байгаагаа мэдэгдлээ.

Зөвлөгөөнийг Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбоо болон Монголын уул уурхайн үндэсний ассоциаци хамтран зохион байгуулав.

Уул уурхайн салбарын ажилтнууд оролцсон уг арга хэмжээнд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв салбарын бодлого болон хэрэгжүүлж буй арга хэмжээг танилцуулсан юм.

 

Олборлолтоос тээвэрлэлт хүртэл үүсдэг эрсдэл

Олборлолт, өрөмдлөг, тэсэлгээ, баяжуулалт, нүүрс тээвэрлэлтийн явцад тоос, тоосонцор үүсдэг. Энэ нь уурхайчдын эрүүл мэнд, хөдөлмөрлөх эрх, аюулгүй орчинд ажиллах нөхцөлд сөргөөр нөлөөлдөг. Үүнээс гадна мал амьтан, орон нутгийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хөндөж, байгаль орчинд ч эрсдэл учруулдаг.

Б.Дашпүрэвийн хэлснээр яам тоосжилтыг эх үүсвэр дээр нь бууруулах орчин үеийн технологи, автомат усалгааны систем, агааржуулалтын шийдэл нэвтрүүлэхийг дэмжиж байна. Мөн ажилтнуудын эрүүл мэндийг тогтмол хянаж, мэргэжлээс шалтгаалсан өвчнийг эрт илрүүлэх ажлыг сайжруулахаар зорьж байгаа аж.

Томоохон компаниуд юу хийж байна вэ?

«Эрдэнэт үйлдвэр» ТӨҮГ 2007 оноос хойш цагаан тоосны дэгдэлт, түүний сөрөг нөлөөллийг бууруулах хөтөлбөр хэрэгжүүлж байна. Тус үйлдвэр тусгай зориулалтын бороожуулах, шүрших техник, тоног төхөөрөмж ашиглахын зэрэгцээ нөлөөллийн бүсийн иргэдийг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд тогтмол хамруулдаг.

«Эрдэнэс Тавантолгой» ХК уурхайн зам, нүүрсний агуулах, тээврийн талбайн тоосжилтыг бууруулахын тулд усалгаа хийж, тоос барьцалдуулагч бодис хэрэглэж, нүүрс тээврийн хэрэгслийн ачааг бүтээж байна. Компани мөн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан-Овоо багийн нөлөөллийн бүсийн иргэдийг 2021 оноос нүүлгэн шилжүүлж эхэлсэн. Зөвлөгөөнд танилцуулсан мэдээллээр, өдгөө 267 өрхийг 8.1 тэрбум төгрөгийн санхүүжилтээр нүүлгэн шилжүүлжээ.

«Тоосгүй уул уурхай»-д хамтын ажиллагаа хэрэгтэй

Б.Дашпүрэв «Тоосгүй уул уурхай» зорилтыг хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшил, үйлдвэрчний эвлэл, эрдэм шинжилгээний байгууллагууд илүү нягт хамтран ажиллах ёстой гэлээ. Мөн олон улсын сайн туршлага, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх шаардлагатайг тэмдэглэв.

Зөвлөгөөний гол санаа нь уул уурхайн хөгжлийг зөвхөн олборлолт, эдийн засгийн үр өгөөжөөр бус, уурхайчдын эрүүл мэнд, хөдөлмөрлөх эрх, орон нутгийн иргэдийн амьдрах орчин, байгаль орчныг хэр хамгаалж байгаагаар нь хэмжих ёстой гэдэг байлаа.

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
© 2026 Нийслэлийн мэдээ
Үндсэн цэс
Бусад цэс