Кувейтийн Арабын эдийн засгийн хөгжлийн сан Баянхонгор аймагт баригдах Байдрагийн 30 МВт-ын усан цахилгаан станцын төсөлд 48.1 сая ам.долларын зээл санал болгосныг Эрчим хүчний яам мэдээллээ. Энэ мэдээг Bloomberg TV Mongolia-гийн “Бизнесийн хэмнэл” нэвтрүүлэг өнөөдөр цацсан. Төслийн урьдчилсан төсөвт өртөг 53.3 сая ам.доллар тул санал болгосон зээл нийт өртгийн 90 орчим хувийг хамарна.
Станцыг Байдраг гол дээр, Баянхонгор аймгийн Бөмбөгөр, Бууцагаан сумдын зааг, “Сүүдэртийн хясаа” орчимд барихаар төлөвлөжээ.
Барилга угсралтын хугацаа 53 сар, станцын суурилагдсан хүчин чадал 30 МВт, жилд 58.9 сая кВт.ц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх тооцоотой. Далангийн ард 400 сая шоо метр орчим багтаамжтай хиймэл нуур үүснэ.
Төслийг 2026-2055 онд DBOT буюу зураг төсөл боловсруулах, байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ хийх, барих, ашиглах, шилжүүлэх хэлбэрээр хэрэгжүүлэх юм. Энэ сарын эхээр МҮОНРТ-ийн мэдээлснээр гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтад одоогоор есөн компани сонирхлоо илэрхийлсэн бөгөөд хувийн хэвшлийн саналыг 2026 оны арваннэгдүгээр сарын 12 хүртэл хүлээн авсан.
Импортоос хамаарлыг бууруулна
Одоогоор Баянхонгор, Өвөрхангайн сумдын цахилгааны хэрэглээний тодорхой хэсгийг ОХУ-аас импортолж буй эрчим хүчээр хангаж байна. Станц ашиглалтад орвол Төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд сэргээгдэх эх үүсвэр нэмэгдэж, оргил ачаалал болон осол, саатлын үеийн тохируулгад тус болно. Мөн Булганаас Баянхонгор хүртэлх 600 км урт, 110 кВ-ын шугамын эрчим хүчний алдагдлыг жилд 17.8 сая кВт.ц-аар бууруулах боломжтой бөгөөд энэ нь ойролцоогоор 2.5 тэрбум төгрөгийн эдийн засгийн үр ашигтай гэсэн тооцоо бий.
Хиймэл нуур нь услалттай газар тариалан, загасны аж ахуй, аялал жуулчлалд зориулсан усны нөөц болохоос гадна гол ширгэх, мөсөн гол болон цэвдэг хайлж үер болох эрсдэлийг бууруулна. Төслийн хүрээнд орон нутагт 50–60 байнгын ажлын байр бий болно.
Санхүүжилтийн эх үүсвэр олон удаа өөрчлөгдсөн
Байдрагийн УЦС-ыг анх Унгар Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэх саналыг Монголын тал тавьж, техник-эдийн засгийн үндэслэлийг нь Унгарын талд хүлээлгэн өгч байсан ч энэ хувилбар хэрэгжээгүй. Кувейтийн сан Монголд урьд нь Өндөрхаан нисэх буудлыг шинэчлэх, өргөтгөх төсөл болон Тайширын УЦС-ын ТЭЗҮ-г санхүүжүүлж байжээ.