YouTube нь сурагчдыг донтуулж, сэтгэцийн эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэх нэхэмжлэлүүдийг шийдвэрлэхээр АНУ-ын олон мянган сургуулийн дүүрэгт 3 тэрбум орчим ам.доллар төлөхөөр зарчмын хувьд тохиролцжээ. Гэрээ эцэслэгдвэл компанийн АНУ-ын сургуулийн дүүргүүдтэй байгуулсан хамгийн өндөр дүнтэй эвлэрэл болно.
Энэ тухай Bloomberg агентлаг мэдээлсэн. Тохиролцоонд төлбөрөөс гадна өсвөр насны хэрэглэгчдийг хамгаалах шинэ арга хэмжээнүүд багтжээ. Гэрээ хүчин төгөлдөр болохын тулд сургуулийн дүүргүүдийн олонх нь нэгдэх ёстой. Мөн Калифорни мужийн Окленд хотын холбооны шүүхэд энэ хэргийг хянаж буй шүүгч Ивонн Гонзалес Рожерс эцсийн гэрээг батлах шаардлагатай.
Шүүхэд гаргасан нэхэмжлэлүүдэд YouTube видеог автоматаар тоглуулах зэрэг функцээрээ хүүхдүүдийн хэрэглээг өдөөж, донтуулах шинжтэй платформ бүтээсэн гэж буруутгасан. Сурагчдад үзүүлэх сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, зөвлөгөөний зардал өсөж байгаа тул түүнийгээ нөхөн төлүүлэхийг сургуулийн дүүргүүд шаардаж байна.
Эвлэрлийн гэрээ батлагдвал YouTube сургуулиудтай холбоотой олон тооны шүүхийн маргаанаас зайлсхийх боломжтой болно. АНУ-ын багш нар хичээл, сургалтдаа YouTube-ийг өргөн ашигладаг. Google-ийн Chromebook сурагчдын хамгийн түгээмэл хэрэглэдэг зөөврийн компьютер болсон. Тиймээс боловсролын салбар нь компанийн хувьд онцгой ач холбогдолтой зах зээл юм.
Өмнө нь ердөө 2 сая долларын эвлэрэл байсан
Энэ оны тавдугаар сард Кентакки мужийн Брэтитт тойргийн сургуулийн дүүргийн нэхэмжлэлээр YouTube, Snap, TikTok, Meta компаниуд эвлэрсэн.
Энэ нь ижил төстэй хэргүүдийн жишиг болохуйц анхны шүүх хурал байх ёстой байжээ. Тус дүүрэг нийтдээ 27 сая орчим ам.долларын эвлэрэл авсан бөгөөд YouTube-ийн толгой компани Alphabet 2.01 сая ам.доллар төлсөн. Одоогийн 3 тэрбумын тохиролцоо үүнээс хэдэн зуу дахин их дүнтэй. businessinsuranceYahoo Finance
Энэ тохиролцоо хүүхэд, өсвөр насныханд сошиал платформуудын үзүүлэх нөлөөг тойрсон хяналт, шүүмжлэл нэмэгдэж буй үед хийгдэж байна. Өнгөрсөн таван жилд АНУ-ын сургуулиуд, иргэд болон мужуудын Ерөнхий прокурорууд YouTube, Meta, Snap, TikTok-ийн эсрэг 10 мянга гаруй нэхэмжлэл гаргажээ. Bloomberg Intelligence-ийн тооцоогоор эдгээр нэхэмжлэлийн улмаас компаниудын хүлээх хариуцлага нийтдээ 400 тэрбум ам.долларт хүрч болзошгүй.