C.Сэтгүүлч
Ангилал
Хэзээ
11 цагийн өмнө
Үсгийн хэмжээ
Монголбанкны дутагдлыг Засгийн газрын үнэт цаасаар нөхөж, ипотекийг 2028 онд бүрэн шилжүүлнэ
11 цагийн өмнө
C.Сэтгүүлч
Монголбанкны дутагдлыг Засгийн газрын үнэт цаасаар нөхөж, ипотекийг 2028 онд бүрэн шилжүүлнэ

“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл”-д инфляцын суурь шалтгааныг арилгах, төсөв болон мөнгөний бодлогын уялдааг сайжруулах цогц арга хэмжээ тусгасныг Монголбанк онцоллоо. Баримт бичгийн хамгийн чухал шинэчлэл нь төв банкны өөрийн хөрөнгийн дутагдлыг нөхөх шийдэл юм. 2028–2032 онд жил бүр 1 их наяд төгрөгөөс доошгүй хэмжээний үнэт цаас гаргаж, Монголбанканд эзэмшүүлэх аж.

Монголбанкны танилцуулснаар Төв банкны үнэт цаасны үлдэгдэл 15.5 их наяд төгрөг, 2012-2025 оны хуримтлагдсан алдагдал 6.9 их наяд төгрөгт хүрчээ. Харин Монголбанкны өөрийн хөрөнгийн дутагдал 4.8 их наяд төгрөг байна. Энэ алдагдал Засгийн газрын санаачилсан, төсвийн шинжтэй хөтөлбөрүүдээс үүссэн. Тухайлбал, Засгийн газрын долоон тогтоолоор 1.4 их наяд төгрөгийн, УИХ-ын нэг тогтоолоор 815 тэрбум төгрөгийн, Сангийн яамны нэг албан бичгээр 204.9 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон байна.

Татвар төлөгчийн мөнгө зарахгүй гэв

Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогтын тайлбарласнаар энэ нь Засгийн газар зөвхөн "тусгай үнэт цаас" гаргаж, түүнийгээ Монголбанканд эзэмшүүлэх (Swap хийх) олон улсын жишиг арга юм. Энэхүү үнэт цаасыг Засгийн газрын өрийн хязгаарт тооцохгүй байхаар хуульчилж байгаа учраас төсөвт ямар ч дарамт учруулахгүй гэж тэр онцолсон. Ингэснээр Монголбанк илүүдэл мөнгийг татахын тулд өндөр хүүтэй Төв банкны үнэт цаас гаргаж өрөнд орохын оронд Засгийн газрын үнэт цаасыг ашиглан бодлогоо хэрэгжүүлэх боломжтой болно.

Ерөнхий сайд Монголбанкны санал болгож буй тусгай үнэт цаас гарган төв банканд эзэмшүүлэх шийдлийг Засгийн газар дэмжиж байгаагаа энэ сарын дундуур илэрхийлсэн. Монголбанкны тооцоогоор уг арга хэмжээг хэрэгжүүлээгүй тохиолдолд 2032 оноос инфляцын нөлөөгөөр төсвийн урсгал зардал жилд дунджаар 1.3 их наяд төгрөгөөр нэмэгдэх эрсдэлтэй.

Ипотек Засгийн газарт шилжинэ

Үндсэн чиглэлийн дагуу ипотекийн хөтөлбөрийг Засгийн газарт шилжүүлэх бэлтгэлийг 2027 онд хангаж, 2028 онд бүрэн шилжүүлнэ.

Өнгөрсөн хугацаанд ипотекийн зээлийг 100 гаруй мянган өрх авсан бөгөөд хөтөлбөрт жилд ойролцоогоор нэг их наяд төгрөгийн санхүүжилт гардаг бөгөөд 8-10 мянган өрхийн зээлийг шийддэг. Монголбанк ипотекийг Засгийн газарт шилжүүлэх зорилтыг 2023 оны бодлогын баримт бичигтээ ч тусгаж байсан ч өнөөг хүртэл хэрэгжээгүй.

Монголбанк иргэдийн бодит орлогыг хамгаалах зорилгоор инфляцыг 2027 онд 6 хувь, дунд хугацаанд 5 хувь +/- 2 нэгж хувийн интервалд тогтворжуулах зорилт тавьжээ. Баримт бичгийг С.Наранцогт хуульд заасан цаглаврын дагуу Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод 2026.09.30-нд өргөн мэдүүлсэн.

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
© 2026 Нийслэлийн мэдээ
Үндсэн цэс
Бусад цэс