Ерөнхийлөгч Дональд Трампын өнгөрсөн долоо хоногт хийсэн Азийн айлчлалын үеэр АНУ, Хойд Солонгосын удирдагчид биечлэн уулзах боломжийг хоёр тал эрэлхийлж байсан ч уулзалт болоогүй. Үүний шалтгаан нь Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ын Вашингтоны хүлээн авах боломжгүй нөхцөл тавьсантай холбоотой гэж The Wall Street Journal сонин мэдээлжээ.
WSJ-ийн бямба гаригт нийтэлсэн мэдээнд дурдсанаар, Трамп айлчлалынхаа үеэр Кимтэй уулзахыг шахаж байсан бөгөөд хоёр тал сүүлийн мөчид яаран уулзалт зохион байгуулах боломжийг судалжээ.
Сонины эх сурвалж болсон албан тушаалтнуудын хэлснээр, Америкийн тал хэлэлцээг баталгаажуулах хэд хэдэн саналыг хэлэлцсэн байна. Үүнд Солонгосын дайныг албан ёсоор дуусгавар болгох санал багтжээ. Мөн Хойд Солонгосыг цөмийн зэвсэгтэй улс гэж албан ёсоор хүлээн зөвшөөрөхгүй ч цөмийн хөтөлбөрөө татан буулгахыг шаардахгүй мэдэгдэл гаргах санал байсан аж. Үүний хариуд Вашингтон Пхеньяны цөмийн болон пуужингийн туршилтад хязгаарлалт тогтоохыг хүсэх байжээ.
Харин Кимийн тавьсан нөхцөлийн дэлгэрэнгүйг сонин мэдээлээгүй байна.
WSJ-ийн мэдээлснээр, Трамп өнгөрсөн жил одоо байгаа утас болон харилцааны сувгаар дамжуулан Кимтэй холбогдохыг оролдсон ч хэн ч эргэж залгаагүй гэнэ.
Үүний дараа Трамп захидал бичсэн бөгөөд Цагаан ордны албан тушаалтнууд түүнийг Нью-Йорк дахь НҮБ-ын төлөөлөгчийн газрын гадаа Хойд Солонгосын нэгэн дипломатчид гардуулжээ. Гэвч тэр дипломатч хожим НҮБ-ын нэгэн уулзалтын үеэр захидлыг онгойлгоогүй чигээр нь буцааж шидсэн байна.